Хогийн савнаас олдсон нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлж байхдаа буюу өнгөрсөн шөнийн 03:00 цагийн орчимд нас барсан байна. Тус нярай нь 1100 гр жинтэй эрэгтэй хүүхэд байсан бөгөөд хогийн савнаас олдсон гэх өгүүлэмжтэйгээр 10-р сарын 1-ний өдөр ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн. Энэ хугацаанд хүү хоёр удаа хагалгаанд орсон.
Мөн хүүг хогийн саванд хаяхдаа кофений шаар, хогийг ам, хамар руу нь хийгээд хаясан байсан гэдгийг тухайн үед дэлгүүрийн ажилтан хэлж байсан. Үүнээс болж хүүгийн цусанд халдвар орсон байх магадлалтай байгаа юм. Гэхдээ үхлийн шалтгааныг эмнэлгийн байгууллагаас эцэслэн тогтооно. Харин хүүгийн ээж болох 22 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Түүнд Эрүүгийн хуулийн дагуу хүнийг алах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг зүйл ангиар хүнийг алах гэж оролдсон этгээдэд 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж заасан байдаг.