Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Л.Бадамсүрэнг балбах ажил хэд хоногийн өмнө эхэлсэн. Энэ ажлыг эхлүүлсэн хүн нь шилэн Цогоо хэмээх Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Л.Цоггэрэл билээ. Түүний хувьд 2020 оны сонгуулийн дараа намынхаа бялуу хуваалтаас хоосон хоцорч, намдаа гомдол тээж яваа хүмүүсийн нэг.
Шилэн Цогоо дараагийн дарга гэх сэтэрээ зүүхийн тулд хэн нэгний бууны сум, хутганы үзүүр болчихлоо гэх хардлага нийгэмд буй ч олон нийтийн зүгээс түүний шилэн данс ухаж гарган ирж буй мэдээллийг дэмжин хүлээн авч буй нь түүнд нэмэх оноо болж байгаа билээ.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Л.Бадамсүрэн болон түүний багийн дураараа дургиж буй, хэтэрхий тансаглал бүхий үрэлгэн байдлыг илчилж өгсөн шилэн Цогоод талархаж, бас алга ташиж буй нь олон байна. Харин хөшигний цаана түүний дэмжлэгтэйгээр Л.Бадамсүрэнгээс салах гэсэн санаархал улс төрчдийн дунд ид өрнөж, алга хавсарч суугаа дуулдана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ дуулианыг ашиглан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын албан тушаалд өөрийн гарын хүнийг суулгах ажлыг аль хэдийн эхлүүлсэн гэдгийг Төрийн ордон доторх бор шувуу жиргээд эхэлжээ. Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болсон үйл явц, мөн тусгай дэглэм тогтоосон шийдвэр зэрэг нь бүгд Л.Оюун-Эрдэнэ сайдтай холбогдоно. Энэ утгаараа тэр нэг мөр эрх мэдлийг атгахыг хүсч буй бололтой. Үүний тулд Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн ерөнхий захирлаар нутгийн залуу Х.Хэрлэн гэгчийг аваачих явган яриа гараад эхэллээ.
Хэнтий нутгаар овоглож, тус нутгийн улс төрчидтэй ойр гүйж ирсэн Х.Хэрлэн нь 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болох ярианд нэр холбогдож байсан ч мултарч байв. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын шууд дэмжлэгээр уг суудалд тухлах нь бараг тодорхой биз гэх таамаг яриаг улс төрийн хүрээнд гаргаад эхэлжээ. Х.Хэрлэнг зүтгүүлж буй хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Харин үгүй хэлж хэлж зүрхлэхгүй хүн нь У.Хүрэлсүх учир дээрх албан тушаалын томилгоо болох өдөр нь өнөөдөр үү маргааш уу гэдэг дээр ирчихсэн гэдгийг улс төрчид ярьж байна.
Х.Хэрлэн гэж хэн бэ? гэх асуултанд нээлттэй сайн гэхээс илүү саар мэдээлэл их. Түүний хувьд уул уурхай, ашигт малтмалын салбарт кадастерын Хэрлэн гэх нэрээр илүү танигдсан гэдэг юм билээ. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй түүний хувьд тус байгууллагад кадастерын алба байгуулагдсан цагаас хойш тус газарт ажиллаж хэд хэдэн томоохон уул уурхайн лиценцийг олгоход оролцсон гэх явган яриа байдаг. 1967 онд төрсөн Х.Хэрлэн нь 2003 оноос хойш гэнэт төрд зүтгэж, том алба хашиж, бас хэд хэдэн компанийн ТУЗ-ын дарга болж цойлж эхэлсэн нэгэн. АМГТХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Болд очихдоо түүнийг халж, гудамжинд гаргаж байсан ч Б.Бат-Эрдэнэ гишүүний тусламжтайгаар буцаж салбартаа орж байсан. Харин 2017 онд У.Хүрэлсүхийн шууд дэмжлэгээр Ашигт малтмалын газрын дарга болж дэвшсэн билээ. Харин удахгүй Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын дэмжлэгээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болох бололтой.