2017.01.31 өдрийг хүнд мэдээтэй угтлаа. Монгол түмний хайртай хүү, арлын япон орноо эх орныхоо нэрийг дуурсгаж явсан хүчит хөвгүүн таалал төгсчээ. 1979 онд төрсөн цэл залуу насандаа, хүнд өвчний улмаас тэнгэрийн орныг зорьсон СХД 1-р хорооллын сагсчин залуугаа эмгэнэн дурсаж сууна. Хүчээг 1-р хорооллынхон андахгүй сайн мэднэ. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг Японы сумо бөхийн дэвжээнд мандахтай зэрэгцэн арлын орныг байлдан дагуулахаар зорьж байлаа. Доод 3-н зиндаанд уналгүй 21:0 даваатай тэргүүлж нэг их удалгүй дуулиантайгаар цолтой бөх болж байв. Жюүрёо зиндаанд ч манай хүн удаагүй дээд зиндаанд барилдах болсон. Тэр цагаас эхлэн Монгол түмэн, Монголчуудыгаа дэлгэцийн өмнө омогшуулан бахдуулж, цагаан сайхан сэтгэлээрээ Японы ард түмний ч хайрыг татах болжээ. Уран мэхтэй хөл мэх, цүппариг гаргуун эзэмшсэн түүнтэй барилдах нь өрсөлдөгч бөхчүүдэд хэцүү байсан бол Монгол аваргууд ч Хүчээтэй их болгоомжтой өрдөг байлаа. Бэртэл, барилдааны онцлогоосоо хамаараад Хүчээ маань том цолд хүрээгүй ч дээд зиндааны дээд хэсгийн аатай, уран хурц, үзэгчдийн анхаарал татсан бөх байсан билээ.
Японы сүмо бөхийн дэвжээнээ хүчээ гайхуулж явсан Алтангадасын Хүчитбаатар маань нэг л өдөр харамсалтай мэдээ дуулгаж их спортоо орхиж буйгаа зарласан. Хайрлаж дурлан, дэвжээний багш болох хүсэлтэй байсан их спортоо нулимс дуслуулан орхисон мөчийг бид мартахгүй. Монголчууд чамд хайртай. Цусны хорт хавдартай болох нь оношлогдож, улмаар 2016 оны наймдугаар сард зодог тайлсан тэрээр цэл залуу 37 насандаа бурхны орныг зорилоо.
Зодог тайлах хэвлэлийн бага хурлын үеэр Токитэнкү А.Хүчитбаатар маань “Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа.
Хүчитбаатарын 2007 онд дөнгөж Комосүби цол хүртээд Их аварга Д.Дагвадоржийг давж байсан барилдааныг танд толилуулж байна
Жич: Монголчууд минь амьддаа бие биенээ хайрла
???? Ум сайн амгалан орших болтугай ????
Сэтгүүлч Н.Урантогтох