Ардчилсан намын их хурал 2020 оны 11 сарын 16 өдөр болно. Тус хурлаар намын шинэ даргаа тодруулах юм. Их хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг тус намынхан шат шатандаа зохион байгуулаад эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан намын хаалгыг савж гарсан. Эсвэл Ардчилсан намын өмнөх дарга бол С.Эрдэнэд хөөгдсөн, туугдсан, жийгдсэн, зугтсан хүмүүс намынхаа гишүүнчлэлийг сэргээх, дахин намдаа элсэх үйл явц өрнөж байна. Үүний хамгийн том жишээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрээр намынхаа гишүүнчлэлийг сэргээж, батлахаа гардан авсан. Үүнийхээ дараа улс төрийн хэд хэдэн акц хийж, зарим телевизэд ярилцлага өгөөд амжив.
Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээхтэй зэрэгцэн хөшигний ард намын гишүүнчлэлээ сэргээсэн хэд хэдэн улс төрч байгааг эх сурвалж дурдав. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж буй гэнэ. Тэрээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн нөхцөлд намын даргын сунгаанд хүч үзэх нэр хүнтэй хэмээн өөрийгөө тодорхойлж суугаа. Алтан гадас фракцын толгой улс төрч тэрээр намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн нөхцөлд мөн л өөрийнхөө фракцыг хөтлөөд орж явна. Түүний нөгөө талд хөндлөн зогсох олон улс төрч буй. Гэхдээ түүнд дэмжлэг үзүүлэх магадлалтай улс төрч нь Х.Баттулга.
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө хүмүүсийг Ардчилсан намд тухлуулах ажлыг эртнээс эхлүүлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа үндсэндээ Ардчилсан намыг эзэлчихсэн гэхэд болно. Тухайлбал тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийнхөө гарын хүн болох Ц.Тувааныг байршуулсан. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн даргаар мөн л өөрийн цэрэг Д.Ганбат гишүүнийг томилуулж чадсан билээ. Харин 11 сарын 16 өдөр болох Ардчилсан намын их хурлаар жинхэнэ өөрийн утсан хүүхэлдэйг намын дарга болгох ажлыг далдуур зохион байгуулж буй гэх явган яриа Ардчилсан намын гишүүдийн дунд хөвөрч эхэлжээ.
Ардчилсан намын дарга болох шуналд хөтлөгдөж яваа хүмүүсийн тэргүүн эгнээнд Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар зуузай холбож буй. Нэг фракцын хоёр хэн нэгнийгээ дэмжиж хөтлөлцөн гүйхээр бэлтгэлээ базааж буй. Тэдний ард АПУ-ынхан алга ташиж суугаа гэдэг таамаг яриа дүүлж явна. АПУ-ын гол хувьцаа эзэмшигч, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн МоАН фракцын Б.Ганхөлөг тэднийг дэмжиж суугаа. Үүний цаана түүний авга ах П.Батсайхан санхүүжилтийг нь гаргаад сууж байж мэдэх юм.
Мөн Ц.Туваан гэдэг эрхэм бяраа суулгаж, бас эрх мэдлээ ахиулж, намынхаа жинхлэх гишүүний тоонд багтаж байна. Гэхдээ түүнд намынх нь эгэл жирийн гишүүд итгэл үзүүлэх магадлал тун бага юм. Учир нь С.Эрдэнэ намын дарга байхад Ц.Туваан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нэг үгээр хэлбэл 2020 онд Ардчилсан нам ялагдал хүлээхэд хариуцлага хүлээх ёстой багийн бүрэлдэхүүний нэг нь Ц.Туваан гэж үзэх тус намын гишүүд олон байгаа гэнэ.
Ардчилсан намын дарга болох амбиц өвөртөлж суугаа эрхэм бол Н.Алтанхуяг. Түүний хувьд намынхандаа хэлэх ганц л үгтэй. Би намаа удирдаж байхдаа хоёр ч сонгуульд ялуулсан гэх. Өмнөх “БИ”-тэйгээ зууралдахаас өөр шинэчлэлийг төдийлөн олж харахгүй яваа Н.Алтанхуягт намынхан нь итгэж болох ч эрх мэдэл атгаж буй хэсэг нь итгэх дургүй байна. Учир нь Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зодоон өнөөдөр ч үргэлжилж буй. Энэ зодоон дахиад ч хэдэн удаагийн ялагдлын суурь болох эрсдэлтэй тул тэдний хэн хэнийг намын даргын суудалд тухлуулах сонирхол тус намынханд алга. Тэгэхээр Н.Алтанхуяг хүссэн ч боломжийг нь нээж өгөхгүйн тулд Ц.Элбэгдорж хөндлөн зогсох болно гэх таамаг яриаг тус намынхан гаргажээ.
Х.Баттулга ерөнхийлөгчийн зүгээс Ардчилсан намын даргад хөтөлгөө морьтой бус харин ч илүү олон хувилбартай бэлтгэлээ базааж сууна. Түүний хувьд нэгдүгээрт Ц.Тувааныг жинхлэх санаа байгаа ч түүнийгээ ил зарлахгүй. Намынхаа гишүүдийн уур амьсгалыг харж шийднэ. Нэг үгээр хэлбэл өмнөх ялагдлын багийн нэг үзүүр учраас Ц.Тувааныг жинхлэхгүйгээр буулгачхад харамсах зүйлгүй гэх бодлыг Х.Баттулга тээж буй бололтой. Харин түүний Б хувилбар нь Л.Болд. ШИНЭ нам гэж хийрхэж явсан Л.Болд өнөөдөр Ерөнхийлөгчийн бөөрөнд наалдаж, түүний удирдлага дор улс төр хийж суугаа. Нэг үгээр хэлбэл ШИНЭ нам гэж гүйхдээ ч тэр, өнөөдөр бөөрөнд нь наалдахдаа ч тэр, маргааш АН-ын гишүүнчлэлээ сэргээхдээ ч тэр зөвхөн Х.Баттулга гэдэг хүний хүслээр улс төр өрнүүлсэн гэж олон хүн таамаг дэвшүүлж буй. Л.Болд АН-ын гишүүнчлэлээ сэргээж, их хуралд оролцох хувийн бэлтгэлээ базааж буй бололтой. Түүний хувьд Ардчилсан намыг өөрийнхөө байранд хорогдуулж байгаа нь ч цаанаа учиртай гэнэ. Х.Баттулга Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх шууд удирдлагын хүн нь Ардчилсан намын дарга байх ёстой. Тэр болзлыг сайн хангаж, мөн намаа ирэх 4 жил гудамжинд байлгахгүй орон байраар хангачих хүн нь Л.Болд гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзсэн бололтой. Тийм ч учраас хөшигний цаана Л.Болдыг Ардчилсан намын даргаар томилуулах тохиролцоог хийгээд эхэлжээ. Үүний нэг үзүүр нь Н.Алтанхуяг, нөгөө жигүүр нь Ц.Элбэгдорж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.