Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо
Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд 60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг өнөөдөр гардуулж өглөө.
Энэ талаар Зориг сангийн зөвлөх С.Баяр “Энэхүү оюутны тэтгэлэг нь Монгол Улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм. Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь сурлага сайтай ч амьдралын боломж тааруу оюутнуудад туслалцаа үзүүлдэгээрээ онцлогтой.
Мөн сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын их, дээд сургуулиудын хоёроос дээш курсийн үндсэн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа бүх оюутнууд өрсөлдөх боломжтой байдаг.
Түүнчлэн орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээс суралцаж байгаа оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой. Тус оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт нь хоёр үе шаттай явагддаг бөгөөд эхний шатны шалгаруулалтыг тухайн оюутны өөрийнх нь ирүүлсэн материалд үндэслэн явуулдаг бол дараагийн шатны шалгаруулалтыг ганцаарчилсан ярилцлага хэлбэрээр явуулаад оюутнуудаа сонгодог.
Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтуудад хамрагдахаас гадна ажлын байранд өөрийгөө бэлтгэх цогц арга хэмжээнд хамрагддаг. Нийт тэтгэлэг авсан оюутнуудын 65 хувь нь ажлын байртай болсон байна. Швейцар иргэдийн төлсөн татварын мөнгөөр тэтгэлэг олгож байгааг ойлгож, оюутнууд маань хичээгээрэй” гэлээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт 2006 оноос хойш 15 дахь жилдээ 1,200 орчим оюутан залуучууд хамрагджээ. Тэд бие даасан нийгмийн сайн сайхны төлөөх 160 шахам бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ жилийн тухайд шалгарсан оюутан тус бүрд нэг сая найман зуун мянган төгрөгийн тэтгэлэг олголоо.