ОХУ-ын нутаг дэвсгэрт короновирусын цар тахлын дэгдэл өндөр байгаа билээ. Тус улстай хил залгаж буй суурин газрын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулах болов. Тэр дундаа ОХУ-аас ачаа тээвэрлэн Монгол улсын нутагт орж ирж буй Алтанбулагын хилийн боомтын нөхцөл байдал маш хүндэрсэн гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан зарим мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Ж.Амгалан: Алтанбулаг боомтод Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай штаб ажилласан. Нөхцөл байдал маш хүнд байгааг газар дээр нь очиж танилцлаа. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна. Улсын онцгой комисст танилцуулж, тодорхой шийдвэр гаргана. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр хийдэг иргэд аль болох галт тэргээр бараагаа зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. гэв.
Хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн тосгон, хотуудад онцгойлон анхаарах шаардлагатай байна.Нөгөө талдаа ОХУ-ын хил залгаа бүстэй хиллэж буй, хилийн боомт, суурин газарт тусгайлан анхаарах шаардлагатай. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтуудад аюул эрсдэлийн судалгааг хийж дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдэг мэдээллийг мөн өглөө.
Иргэдийн дунд дотооддоо халдвар алдсан байж болзошгүй гэх болгоомжлол үүсээд байгаа. Албаныхан дотооддоо алдаагүй, Гэхдээ алдах эрсдэлтэй байгаа гэдгийг анхааруулж байгаа юм. Улсын хэмжээнд иргэдийн хөдөлгөөн төвлөрч, шилжилт хөдөлгөөн, нийтийг хамарсан арга хэмжээнд ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас Улсын Онцгой комисст анхааруулж буй гэнэ. Мөн иргэдийг ухамсраараа амны хаалтаа заавал зүүх шаардлагатай гэдгийг анхаарууллаа.