Агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна. Өвчлөлөөс гадна ургийн хөгжилд сөрөг нөлөөлж байна. Төрөхийн хүндрэл болон амьгүй төрөлт нэмэгдэж байгааг эмч нар сануулах боллоо. Хүний амьсгалсан агаар бүхий л биенд тэжээл болдог. Эд эрхтэн, цус гээд бүх хэсэгт хүрэлцэн очдог учир агаарын бохирдол урагт нөлөөлж байгаа. Ураг бүрэлдэхээс эхлээд эх нь угаараар амьсгалж байгаа учир төрөлхийн гажиг, амьгүй төрөлт нэмэгдэж байна. Энэ тухай Улаанбаатар хотын төрхийн эмч нар шагшин ярих болжээ. Тэдний хувьд хамгийн том сэтгэлийг нь эмзэглүүлж, зүрхийг нь шархлуулж байгаа зүйл бол амьгүй төрөлтийн тоо жил ирэх тусам өсч байгаа явдал юм.
2016 онд 70 мянга 393 хүүхэд мэндэлсэн. Оны эхний 10 сарын байдлаар 1142 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеэс 13,2 хувиар өсчээ. Үүний дээр эмч нарын ур чадварын тусламжтай эсэн мэнд мэндэлсэн олон тохиолдол бий. Тодруулбал эхчүүдийн дунд төрхийн хүндрэл нэмэгдсээр байгааг салбар яамнаас анхааруулах болсон. Төрөлхийн гажиг нь мэдэгдэхгүй төрж байгаа тохиолдлуудаас гадна гажигтай гэдгийг нь мэдээд төрөхөөс нь өмнө авахуулж байгаа олон тохиолдол бий. Энэ нь эх, нярайн эндэгдлийн тоонд орохгүйгээр далдлагдаж байгаа. Ийм тохиолдыг нэмэх юм бол агаарын бохидлоос үүдэн эрүүл мэнд, эд эрхтэн, амь насаараа хохирч байгаа нярайн тоо улам л өснө. Улс орны хөгжил үр хүүхдийнхээ амь амьдралд нөлөөлөөд эхэлчихсэн утааг Монголын төр багасгаж чадахгүй л байна. Улаанбаатар хотын утаанд жилд 10-20 гаруй тэрбум төгрөг зарцууллаа гэдэг ч үр дүн нь өдөр ирэх тусам нэмэгдэж өтгөн манан утаат хөшиг үүсгэх хэмжээнд л байна. Үүнийг шийдэх талаар зохих арга хэмжээг авахгүй бол Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол улам л нэмэгдсээр байх нь ойлгомжтой. Нийслэл хотод амьдарч байгаа бүхий л хүн амьсгалын замын архаг бронхит гэх өвчтэй болсон талаар эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Тэгэхээр Нийслэлийн удирдлагаас хүсэх ганц л зүйл нь утаатай бодитой, үр дүнтэй тэмцэж угтаа сайхан яриад өөрсдөө баярлан тэмдэглэж, баар саванд ороод байгаа “АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” хотоо байгуулахыг хүсье.