Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар гэр хорооллын цахилгааны тарифыг шөнийн цагт 0 төгрөг болгоод байгаа билээ. Үүнээс улбаатайгаар цахилгааны хэрэглээ шөнийн цагт өсч байгаа. Тэр хэрээрээ болзошгүй эрсдэл үүсэх болсон байна. Шинэ он гарсаар улсын хэмжээнд 322 удаагийн обьектын гал түймэр гарч 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 210 удаагийн гал түймэр гараад байгаа юм. 165 гэр, байшин, орон сууц шатсан гэх мэдээллийн Онцгой байдлын Ерөнхий газрын өгч байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хохиролын хэмжээ 45,3 хувиар өссөн байна. Ийнхүү обьеъктын гал түймэр өсч байгаатай холбоотойгоор Онцгой байдлын Ерөнхий газраас айл өрх, албан байгууллагад шалгалт явуулжээ. 9260 гаруй айл өрх, 1710 орчим байгууллагад шалгалт явуулахад 8600 орчим гал түймэр гарах эрсдэл илрүүлсэн байна. Ахуйн гал түймэр нь голлон цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй гарч байгааг Онцгой байдлын газрынхан анхааруулж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэр хорооллын хэд хэдэн гал нь цахилгааны утасны гэмтлээс үүдсэн байжээ. Тодруулбал 4 хүний амь насыг галаас аварсан цагдаагийн дэслэгч залуугийн тухай ярьж байсан гал түймэр нь мөн л цахилгааны утаснаас үүдэлтэй байсан талаар онцгой байдлынхан хэлж байна.
Цахилгаанаас үүдэлтэй гал гарах нэг шалтгаан нь эрчим хүчний хулгайн хэрэг. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн зөрчил маш их байдаг байна. Нэг айл нь үндсэн шонгоос эрчим хүчний хэрэглээгээ авдаг. Тухайн айлаас салаалж хамгийн бага нь 3. Дээд тал нь 10 айл хэрэглээний эрчим хүчээ авдаг байна. Цахилгааны тариф шөнийн цагт 0 төгрөг болсн үеээс эхлэн энэхүү хулгайн хэрэг улам нэмэгдэх болжээ. Тэр хэрээрээ эрсдэл үүсч байгааг албаныхан анхааруулж байна.