Өмнөхөө үгүйсгэж, өөрсдөө л хийхгүй бол болохгүй гэсэн бодол эрх баригч намд бий болчихжээ. Үүний нэг хэлбэр нь 5-10 сая төгрөгөөр иргэдэд шахаж, гудамжинд байрлуулсан ТҮЦ-ийг буулгах, хураах явдал юм. Нийслэлийн удирдлага шийдвэр гаргаж ТҮЦ-ийн цэгцлэх ажлыг оны өмнө эхлүүлсэн. Үүнийх нь балгаар ахмад настай иргэн ухаан алдаж, ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн залуу газрын албаны даамал зодсон хэргээр гэмт хэрэгт холбогдо н шалгагдаж байна.
Нийслэлийн хэмжээнд 1132 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТҮЦ-ийг бүгдийг нь нураах санал анх гарчээ. Харин бүгдийг нь далдруулчихвал хэт их эсэргүүцэл гарна гэж үзээд 757 ТҮЦ-ийг нурааж, буулгах шийдвэрийг Хотын удирдлага гаргасан. Ардчилсан нам эрх барьж байхад хэрэгжүүлсэн ажил учир МАН үргэлжлүүлэх шаардлагагүй. Харин үгүйсгэж, унагаах нь зөв гэсэн бололтой. Гэтэл тэд эсэргүүцэлтэй тулгарч өнөөдрийг хүрээд байна. Одоогийн байдлаар 219 сая төгрөг зарцуулж 205 ТҮЦ-ийг буулган нураагаад байгаа гэсэн мэдээллийг газрын албанаас өгч байгаа юм.
Газрын албаны мэргэжилтний тайлбарлаж байгаагаар хотын гудамжинд байгаа ТҮЦ-ний 99 хувь нь стандартын шаардлага хангахгүй гэж цор цор хийв. Тийм л бол эхнээс нь яагаад аж ахуйн нэгжийг ийм ТҮЦ үйлдвэрлэ. Тэгээд иргэдэд шах гэж хэлсэн юм. Цор цор хийж байгаа мэргэжилтэн Э.Бат-Үүлийг хотын дарга байхад ажлаа хийж байсан л нэгэн. Өнөөдөр ч дарга нь солигдоход ажлаа хийж байгаа. Тэгчээд иргэн аж ахуйн нэгжийн хоорондын асуудал гэж мэлзэж суухаасаа ичээсэй билээ. Нэг аж ахуйн нэгж нь хэдэн төгрөгтэй болж, иргэн хохирч үлдэх гажуудлыг л өөгшүүлж байгаа хэлбэр гэж харагдаж байна.
Нийслэлийн газрын албанаас 757 ТҮЦ-ийг нурааж, ачиж зөөвөрлөж дуусаад дахин хотын гудамжинд ТҮЦ байрлуулах шинэ журам гаргана гэнэ. Тэгэхдээ бас ямар хэлбэр, хэр хэмжээтэй ТҮЦ байрлах ёстойг журмынхаа дагуу батлах юм байх аа. Өнөөх ТҮЦ-ийг нь бас нэг аж ахуйн нэгж хийнэ. Тэгээд тэр ТҮЦ-ээ уйлж дуулж хохирч үлдсэн иргэдэд шахах гэж зүтгэх биз. Ийм л увиагүй үйлдэл хийж иргэдээ хохироож, хэдэн дарга нар нь халаасандаа тав арван төгрөг олохоор улайрч байгаагийн нэг хэлбэр нь өмнөх эрх баригчын хийсэн ажлыг үгүйсгэж, өөрсдөө шинийг биш хуучнаа нөгөө талаар нь зүтгүүлэх хэлбэр бололтой.