З.МЭНДСАЙХАН: МАХ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

З.МЭНДСАЙХАН: МАХ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Улсын онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр нөөцийн махны асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотын махны өдрийн дундаж хэрэглээ 110-130 тонн байдаг. Дэглэм тогтоосонтой холбоотойгоор өдөрт 350-470 тонн махыг нийслэлд нийлүүлж байна. Нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байгаа. Өнөөдрөөс 200 тонн махыг 17 цэгээр худалдаалсан, цаашид цэгүүдийг нэмэхээр судалж байна. Нөөцийн мах дуусаж магадгүй гэж иргэд бөөгнөрөл үүсч, дэглэм зөрчигдөх явдал гарсан. Цаашид дэглэмийг 14 хоногоор сунгасан ч мах болон хүнсний хүндрэл үүсэхгүй” гэсэн юм. Түүнчлэн хот хооронд хүнсний тээврийн машиныг чөлөөтэй нэвтрүүлж байгаатай холбоотойгоор орон нутаг руу хүнс тээврийн машинд нууцаар зорчих зөрчил илэрч байгааг З.Мэндсайхан сайд хэлж, ийм эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг хүслээ. Өнгөрсөн жилийн тухайд 11 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бол энэ жил 20 мянган тонныг бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хавар нөөцийн мах дутахгүй, махны үнэ өсөхгүй гэдэг хариултыг өглөө.