ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 1818 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүний шинжилгээнд Covid-19 халдвар илэрсэн, 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 26-ны өдөр Будапештийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ, "Энхсаран" сувиллын үйлчлэгчийн шинжилгээнд халдвар илэрсэн. Харин арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 172 хүний шинжилгээ, аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 70 хүний шинжилгээ, Дорнод аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 67 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 138 хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 52 хүний шинжилгээ, нийслэлд тандалтын зорилгоор цуглуулсан 111 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан арван эмч, нэг ажилтны шинжилгээнд тус тус халдвар илрээгүй.
Улаанбаатар хотын халдварын голомтод өчигдөр ойрын хавьтал болох 107 хүнд, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19 халдвар илрээгүй. Жолооч Д-ийн халдварын голомтод батлагдсан есөн тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд ойрын 2753 хавьтагчид шинжилгээ хийсэн байна. Covid-19 халдварын шинжилгээ өгөх боломжтой 11 цэгээс цуглуулсан 909 хүний сорьцод ЗӨСҮТ шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын шинжилгээнд нэг халдвар шинээр нэмэгдсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдвар дөрвөн тохиолдол боллоо. Аймаг, нийслэлд тандалт судалгаа үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 431. Үүнээс 328 эдгэрсэн бол ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан зургаан хүн байна. ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 75 хүн байна.