Шинэ гишүүдийн сурсан ганц ажил сунаж кноп дарах

Шинэ гишүүдийн сурсан ганц ажил сунаж кноп дарах

Зургийн эх сурвалж: Ганбаатарын Улсболд фэйсбүүк хуудас

УИХ-ын 76 гишүүний 40 нь шинэ цэрэг. Тэд төр түшиж, хууль батлаад 4 сар л ажиллаж байна. Энэ хугацаанд түмэндээ хэрэгтэй, Эдийн засгийг сэргээсэн эрүүл шийдвэр, хууль тогтоомжийг гаргасан билүү. Харин ч тэд ийм бодит ажлыг хийгээгүй л сууж байгаа. Шинэ гишүүдийн хувьд зориг гаргаж хууль боловсруулаад батлуулах гэж лобби хийж явсангүй. Харин цөөхөн хэдэн гишүүн нь хуучин гишүүдийнхээ боловсруулсан, эрх ашигт хүлэгдсэн хуулийг дэмжсэн дүр эсгээд л явж байна.

Дээрх зурагт УИХ-ын шинэ цэрэг гишүүн Н.Учрал, Н.Оюундарь нар суналтын дасгал хийж байгааг харж байгаа байх. Тэд биеийнхээ чилээг гаргах гэж ийм үйлдэл хийгээгүй. Харин хажуугийн суудалд тухалдаг гишүүнийхээ өмнөөс кнопыг нь дарж санал хураалтанд оролцож байгаа юм. Танхимд 20 хүрэхгүй гишүүн сууж, дэлгэцэн дээр ирцийн мэдээ нь 51 гишүүн гэж харагдах байдал энгийн үзэгдэл болчихсон. Үүнийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж суудаг эрхэм бол УИХ-ын дарга М.Энхболд. Тэр УИХ-ын дарга болсон цагаасаа хойш ирц гэдэг асуудлаар үг хэлж бараг л харагдаагүй. Харин түүний өмнөөс УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байна. О.Баасанхүү гишүүний хувьд хэд хэдэн удаа ирцээ хүргэхийн шаардаж нөхцөл байдлыг утсаараа бичиж олон нийтэд түгээсэн билээ. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаааг улайм цайм өөр гишүүний өмнөөс кноп дарж байгааг бичлэгээр баримтжуулж байлаа.

 

О.Баасанхүү гишүүнээс өмнө ирц гэдэг үгийг чухалчилсан эрхэм бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Түүний хувьд 65 суудалтай МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байгааг шүүмжилсэн. Үүгээр зогсохгүй МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг ирцэн дээрээ анхаарахыг шаардаж байлаа. Ажилдаа ирдэггүй, том цээжтэй, хүнд сурталтай шинэхэн гишүүдийг хүртэл цоллож байсан билээ.

 

Ийнхүү Ц.Нямдорж ирц гэдэг асуулыг сөхсөн цагаас хойш 3 хоног чуулганы танхимд гишүүд дүүрэх шахуу сууж харагдсан. Харин арабын ертөнцөөр аялж, мөнгө гуйж яваад ирсэн М.Энхболд чуулганаа даргалсан цагаас эхлэн ирц гэдэг асуудал мартагдаж эрхэм гишүүд ажилдаа ирэхгүй шилрэх болов. Харин ирээгүй хэдийнхээ өмнөөс ирсэн ганц нэг гишүүн нь кноп дарж хууль гэдгийг баталсан нэр зүүгээд хуурамж дүр эсгэж сууна. 10 гишүүн хэлэлцээд баталсан хууль алдаатай л болж таараа ш дээ.