Коронавирусээр дотооддоо өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорионы хатуу дэглэмийг бий болгож эхэлсэн цагаас эхлэн дээрээ учраа олохгүй, доороо гүйдлээ ухаарахгүй байсаар 5 хоночхов.
Өнгөрсөн 5 хоногт нэг нь шийдвэр гаргаж, нөгөө нь өнөөх шийдвэрийг нь үгүйсгэдэг, эсвэл өөр арга хэмжээ авдаг зэргээр иргэдийг чирэгдүүлсэн, түмэн олныг бухимдуулсан, ажил гүйцэтгэж буй албан хаагчдаа төөрөгдүүлсэн нөхцөл байдалтай байлаа.
Тухайлбал: Замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл зорчуулах тухай шийдэл, шийдвэр нь эхний өдрөөс л ойлгомжгүй байв. Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын үед бэлэн байх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шат ахиулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх үүргийг орон нутгийн удирдлагад өгөв. Үүний дараа Улаанбаатар хотын онцгой комисс хуралдаж 2020 оны 11 дүгээр сарын 12 өглөөний 06:00 цагаас эхлэн хөл хориог зохицуулах үүргийг хүлээв.
Гэтэл хувийн машинтай явуулахгүй гэж хүмүүсийг бухимдуулж, буугаад алх гэж учир битүүлэг үгээр тайлбар хийж, цагдаа нь учраа олохгүй цаг минут хороож зогсов. Улаанбаатар хотын удирдлага уг нь гаргах дүрэм журам, нөхцөл байдалд тааруулсан шийдвэрээ эрт бэлдэж, бэлтгэлээ бүрэн хангах учиртай байв. Гэтэл бэлэн байдалд муу үнэлгээ авах нь тэр.
Бас болоогүй Улаанбаатар хотын удирдлага замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл зорчуулах шийдэлд хүрэхдээ бас л нэг хуудуутай зүйл хийх гэж оролдсон нь хачирхалтай. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл нь тусгай зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно. Ийм тэнэглэл хэнээс гарч, тэрийг нь хэрэгжүүлэх гэж дээр дооргүй гүйдэг байна аа. Наадмаар баахан зөвшөөрөл гаргаж шаглаж, дамлаж, зараад хэдэн төгрөг олоод сурчихсан хэдхэн хувалзууд л ийм зүйл ярьж дээд даргынхаа толгойг эргүүлж дөнгөсөн байх даа. Түүнд нь итгэж түмэн олныг ундуйцуулж байдаг нь хачирхалтай.
Улаанбаатар хотын удирдлага онцгой байдлын үед бэлэн биш байгаа гэдэг нь харагдсан дараагийн жишээ бол нөөцийн махны борлуулалт. 15 цэгт нөөцийн мах борлуулна хэмээн зарлаж, түүндээ иргэдийг бөөгнөрүүлж, бас замбараагүй байдал үүсгэв. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгч л энэ болчихлоо.
Нөөцийн мах анх удаа Улаанбаатар хотод борлуулж байгаа зүйл биш шүү дээ. Өмнө нь дэлгүүрээр тарааж зараад болдог байсан нөөцийн махыг заавал хэдэн цэг гаргаж борлуулах нь хэнд ашигтай юм бэ? НӨАТ-ийн татвараас аж ахуйн нэгжийг бултуулах гэсэн башир арга биш л бол бэлэн сүлжээ байхад түүнийгээ ашиглачихгүй эргүүтэх нь ямар учиг байна бэ?
Корона дөнгөж 5 хоногийн өмнө гарчихаагүй. 2020 оны 1 дүгээр сарын 28 өдрөөс хойш онцгой дэглэмд Монгол улс байгаа. Үүнээс гадна Монгол улсад анхны тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10 өдөр бүртгэгдсэн. Үүнээс авч үзэх юм бол эрсдэл үүссэн нөхцөлд бүх зүйл бэлэн байх ёстой байв. Хэдхэн сарын өмнө дүүргийг бүхэлд нь хааж шоудаад байсан Нийслэлийн удирдлага энэ удаад МУУ үнэлгээ авлаа.