"Улаанбаатарт тав, Сэлэнгэд зургаа, Говьсүмбэрт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ"

"Улаанбаатарт тав, Сэлэнгэд зургаа, Говьсүмбэрт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ"

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 17-нд таван лабораторид 1,643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 

  • Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болж байна.
  • Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ.
  • Төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн байна.

Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Мөн Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын тоо гурваар нэмэгджээ.

Энэ талаар А.Амбасэлмаа эмчээс нэмж тодруулахад "Дотоодын халдварыг Улаанбаатар хот болон төмөр зам дагасан гэсэн хоёр том голомтоос халдварлаж байна гэж үзэж байгаа. Эдгээр хоёр голомтоос одоогоор нийт 30 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 16 нь өчигдөр батлагдсан тохиолдлууд байна. ХӨСҮТ-ийн эмч ажилтан болон Энхсаран сувиллын батлагдсан тохиолдлыг эдгээр хоёр голомтын 30 тохиолдолд оруулж тооцохгүй байгаа" гэлээ.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгааг хэллээ.

Ийнхүү Монгол Улсын дотоодын голомтолсон халдварын тоо 30 болж байна. Үүнийг задалбал:

  • Сэлэнгэ аймагт - 10
  • Улаанбаатарт - 15
  • Дархан-Уул аймагт - 4
  • Говьсүмбэр аймагт - 1 тохиолдол батлагдаад байна.