Сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулж, онлайн, теле хичээлээр оруулах асуудлыг БШУ-ны яамнаас ирэх долоо хоногт УОК-т танилцуулна гэж БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэллээ.
ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх хуваарьтай байсан. Тэгвэл БШУ-ны яамнаас оюутан сурагчдын өвлийн амралтыг наашлуулах асуудлыг УОК-ын хуралдаанд оруулах гэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 50 ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа оюутнуудын хоол хүнс, амны хаалт, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хурлаар шийдвэрлэсэн билээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд оюутнууд дотуур байрнаасаа гарахгүй. Зарим их дээд сургуулийн оюутны дотуур байранд голомт байх магадлалтай гэж үзэж байгаа учир БШУ-ны яам Эрүүл мэндийн яамтай хамтран оюутнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа аж. Ирэх 12 дугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэм дуусгавар болсон тохиолдолд орон нутгийн оюутнуудыг гэр рүү нь явуулахаар тусгай баг бэлтгэл ажлаа хийж байна гэж БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэллээ.