Ардчилсан намын 2 дэд дарга хэн вэ?

Ардчилсан намын 2 дэд дарга хэн вэ?

Ардчилсан намын хувьд намынхаа даргыг сунгаагаар тодруулчихлаа. Одоо тус нам 7-р их хурлаа хийнэ. Уг хуралдаа шинэ намын дарга шинэхэн дүрмийг барьж орох ёстой. МоАН фракцын зүгээс дүрэм боловсруулах ажлыг нэлээд чамбай анхаарсан гэх мэдээлэл бий. Уг дүрэмд туссан нэг хуваарилалт нь АН хоёр дэд даргатай байх заалт юм. Уг 2 дэд даргыг АН-ын 7-р их хурлаас сонгох нь гарцаагүй. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийг нь түших 2 дэд даргын хэн байх вэ? гэдэгт толгойгоо эргэлдүүлж байгаа.

Д.Эрдэнэбат: Намын даргын өрсөлдөөнд оролцсон түүнд энэ суудал очих магадлал өндөр. МҮДН фракцын төлөөлөл түүний хувьд орон нутгийн сонгуульд намынхаа ерөнхий менежерээр ажиллаж амжилт гаргасан. Иймд түүнийг зүгээр сул орхиж болохгүй. Иймд түүнд намын дэд даргын суудлыг өгөх магадлал өндөр.

 

 

 

 

 

 

Л.Гантөмөр: Бас л намын даргын өрсөлдөөнд амжилт чамлахааргүй оролцсон. Намынхаа гал тогоонд ажиллах хүсэлт түүнд бий. Иймээс нэгэнт болоод өнгөрсөн сонгуулийг мартаж дэд даргын суудлыг өөртөө авах хүсэлтийг өвөртлөх магадлалтай. Гэхдээ түүнд тэгж найр тавих хүн нь С.Эрдэнэ биш. Дээр нь нэг ардчилал клубээ тараасан. Мөн МоАН санаачлагатай нэгдсэн гэх мэтээр харах юм бол түүний тоглолт одоо хол явахгүй. Харин хүч хавсрах нэгэн болж хувирсан байх магадлалтай.

 

 

 

 

 

 

 

Я.Санжмятав: Алтан гадас зүг чиг заах хэвээрээ л байгаа. Тэд ардчилсан нам дотор хоосон хоцрохгүйгээр л өнгөрөх хэмжээнд зангарагатай. Иймээс 7-р их хуралд хүчтэй нөлөө үзүүлж чадах учраас тэдэнд дэд даргын суудлыг өгөхийг хүсч магад үгүй. Гэхдээ Я.Санжмятав УИХ-ын дэд дарга. АН-аас олдсон төрийн хамгийн том албан тушаал дээр сууж байгаа. ийм нөхцөлд түүний хувьд АН-ын дэд дарга болохыг хүсэхгүй. Харин тохиролцоог сайн хийж чадуул тэр Н.Алтанхуягыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гарцыг нээхийг л хүснэ.

 

 

 

Г.Батхүү: МоАН бол ҮЗХ болон их хуралд хүчтэй төлөөлөлтэй фракц. Одоогоор хамгийн их нэгдэл, хамгийн их хүчийг хуримтлуулж байгаа фракц. Тус фракцын тэргүүн Г.Батхүү дэд дарга болохыг үгүйсгэх аргагүй. гэхдээ түүний хувьд үүнээс илүү 2 нүүдлийг тооцож суугаа. Нэгд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх. Эсвэл нэг мөр намынхаа гал тогтоог атгах. Энэ нь намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд тухлах. Тэгэхээр тэр дэд дарга болно гэхээсээ илүүтэй өөр санааг өвөртлөх биз. Харин АН-ын бүлгийн даргаар Л.Болдыг зүтгүүлж мэдэх юм.

Энэ мэтээр АН-ын дэд даргын төлөөх өрсөлдөөн улам л ширүүсэх хандлагатай байна. С.Эрдэнэ дөнгөж сонгогдсон. Түүний анхны даваа бол 7-р их хурал. Түүнд оруулах шийдвэр. Тэрийгээ дэмжүүлэх хүсэлт. Үүн дээр нь дөрөөлж АН-ын фракцууд ашиг сонирхол бүхнээ тулгах нь гарцаагүй ээ.