Тэргүүн фронтын чимээгүй баатрууд

Тэргүүн фронтын чимээгүй баатрууд

Монгол Улс түүхэндээ анх удаа гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорионы хатуу дэглэм мөрдөж байна. Коронавируст халдварын аюул Улаанбаатар хот болон 5 аймгийг нөмрөн авлаа. Цагийн хатуу, тахлын эрсдэлийг сөрөн  монголчуудын хүнс, ус, эрчим хүч, дулааны хэрэглээг өчүүхэн ч атугай тасалдуулалгүй олон мянган хүн чимээгүй хэрнээ нүд цавчих эрхгүй ажилласаар байна.

Олон нийт нүдэнд ил харагддаг болохоор эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын алба хаагч нарыг л галын тэргүүн шугаманд ажилладаг гэж хардаг. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж цар тахлын аюултай нүүр тулж байгаа нь ч үнэн. Үүн дээр нэмээд далд фронтын чимээгүй баатрууд ч мянга мянгаараа бий. Тэд хорио цээрийн хатуу цагт ч ар гэрээ орхиод ажил үйлчилгээгээ огтхон ч тасалдуулалгүй зүтгэсээр байгаа юм.

Ганц жишээ өгүүлье. Монгол Улсын нийслэлд 1.5 сая хүн амьдран суудаг. Хүн амын бараг л тэн хагас нь. Тэднийг ундны усаар тасралтгүй хангах хариуцлагатай албанд Ус сувгийн удирдах газрын 1800 хүнтэй бие бүрэлдэхүүн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ хамт олон хоногт 145-155 мянган шоо метр цэвэр ус нийлүүлж, 180.000 шоо метр бохир ус татан зайлуулдаг.

Тэд дан ганц орон сууцныханд үйлчилдэггүй. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийг цэвэр усаар найдвартай хангахын тулд 347 ус түгээх цэг, шугамд холбогдсон 321 байранд  Ус сувгийнхан аюулыг үл ажран түгээлт хийж буй. Учир нь тэнд амьдрал үргэлжилж буй.  Улаанбаатарынхан өнөөдөр цэвэр усаар гачигдсангүй. Ус үгүй бол амьдрал үгүй гэдэг. Усгүй харангадсан бол үнэндээ коронавируст халдвараасаа ч том аюул нүүрлэнэ.

Тэд цар тахлын эрсдэл, аюулыг сөрөн зогсохдоо, хайртай хүмүүсээ орхиод албандаа гарахдаа улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зогсов. Хүмүүс хөл хорионы үед буйдан дээрээ байгаа бол тэргүүн фронтын чимээгүй баатрууд ажлын байран дээрээ нүд цавчилгүй ажиллаж байна. Урьдынхаараа тэд өмнөх ажлаа даруухан хийсээр байгаа юм.