А.Амбасэлмаа: Манай улс вакцин хүлээн авах, түгээх, тарих төлөвлөгөөгөө гаргасан. Аль улсаас авах сонголтоо хийхэд бэлэн
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдварын 11 тохиолдол нэмэгдсэнээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 640 болсныг ЭМЯ-наас мэдээллээ.
Мэдээллийн дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчидтэй цахимаар холбогдон, асуултад нь хариуллаа.
-Өнөөдөр Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр илэрсэн гэлээ. Эдгээрийн илэрсэн газрыг нь зарлаж болохгүй юу. Хэрэв зарлавал иргэд сэрэмжилнэ шүү дээ?
-Халдвар гармагц бид хавьтлуудыг тусгаарлан, ажиглах байранд тусгаарлаж, шинжилгээ авч байгаа. Сүүлийн тохиолдол Сонгинохайран дүүргээс гарсан.
Эмчлүүлж буй батлагдсан тохиолдол бидэнд санал гомдол хэлдэг гэдгийг ойлгоорой. Хаягийг нь зарлахад үр хүүхдийг минь үзэн ядах байдал үүснэ, бидний нэр төрийг хамгаалж ажиллаарай хэмээн санал хүсэлтээ хэлдэг. Тиймээс халдвар гарсан голомтоос хүнээ аваад халдваргүйтгэлээ хийж, ойрын хавьтлыг тусгаарлах байранд, хавьтлын хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлаж, цагдаа, тагнуул, өрхийн эмнэлэг нь хяналт тавьж байгаа.
-Өвчилсөн хүмүүст ямар уршиг үлдэж байна вэ. Жишээлбэл, С вирус элгийг гэмтээдэг шиг коронавирус уушгийг яаж гэмтээж байна вэ?
-Олон улсын жишигт коронавирусээр өвдсөний дараа аль нэг эрхтэн гэмтсэн гэх зүйл судалгаа шинжилгээнд байхгүй.
Манай улсад батлагдсан тохиолдлын 70 хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн байгаа. Уушгины хатгалгаагаар хүндэрсэн хүмүүс 10-аад хувийг эзэлнэ. Эдгээр хүнээ рентген, томографаар харж, бүрэн эдгэрсэн хойно нь гаргаж байна. Эмнэлзүйн шинж тэмдгийг бүрэн арилгаж, рентген, биохими гэх зэргээр бүх төрлийн шинжилгээ хийж байж эмнэлгээс гаргадаг. Хөнгөн хэлбэр нь 14 хоног эмчлэгдээд эдгэрч байна. Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн 50 орчим хувь нь шинж тэмдэггүй, 10 орчим хувь нь хүнд болон хүндэвтэр байна.
Цар тахал бол хэзээ ч гарч, хэнийг ч өвчлүүлж болох тул хүмүүс уян зөөлөн, эв нэгдэлтэй, хэн хэнээ хайрлах хэрэгтэй.
-Коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хэр нөөцтэй вэ?
-Түргэвчилсэн тестийн шинжилгээг хүн ардын дунд өргөн хүрээтэй хийж байгаа. 100 мянга гаруй тест бий. Өвчлөл гарсан бүс нутагт түргэвчилсэн тест хүргэсэн. Мөн бусад нутагт ч хүргээд байгаа.
-Батлагдсан тохиолдлын дам хавьтлаас халдвар илэрсэн тохиолдол бий юу?
-Одоогоор илэрсэн тохиолдлууд нь бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Дам хавьтлаас илэрсэн тохиолдол байхгүй. Энэ нь эхний гараагаа зөв эхэлж, ойрын хавьтлаа зөв гаргаж авч байна гэсэн үг.
Харин батлагдсан тохиолдлууд ойрын хавьтлаа мартах санах, зарим нь хэлмээргүй байдаг байх. Үүнээс шалтгаалан ойрын хавьтлын шинжилгээний илрүүлгийн хугацаа нэг, хоёр хоногоор хойшлох асуудал гарч байгаа.
-Дотоодод бүртгэгдсэн вирус мутацад орсон тохиолдол бий юу?
-Одоогоор коронавирус мутацад орсон гэж хэлэхгүй. Ерөнхий бүтэц нь адилхан байгаа.
-Эм, эмийн хэрэглээний нөөц ямар байгаа вэ?
-Хангалттай бий. Маскны хэрэглээ өндөр байгаа ч хангалт сайн байгаа. Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл ч хангалттай бий.
-Вакцины талаарх мэдээлэл их гарч байна. Манай улс хаанаас вакцин авахаа сонгосон уу?
-Цар тахлын үед аливаа улс орон вакцинаа хүлээн авах, шуурхай түгээх, тарих төлөвлөгөөгөө бүрэн хийвэл вакцинаа авч чаддаг. Манай улс төлөвлөгөөгөө гаргасан, аль улсаас авах сонголтоо хийхэд бэлэн болсон.