ОЮУ ТОЛГОЙН ОРЛОГО ОЛОН УЛСАД ЭРГЭЛДЭЖ МОНГОЛООС ЗУГТСААР БАЙХ УУ

ОЮУ ТОЛГОЙН ОРЛОГО ОЛОН УЛСАД ЭРГЭЛДЭЖ МОНГОЛООС ЗУГТСААР БАЙХ УУ

Монгол Улс 2016 оны 10 сарын байдлаар дэлхийн 157 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 тэрбум 494,6 сая америк доллар, үүнээс экспорт 3 тэрбум 726,2 сая америк доллар, импорт 2 тэрбум 768,4 сая америк доллар байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний 10 сард 762,9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 194,8 сая америк доллараар нэмэгдэж 957,7 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны 10 дугаар сард 72,9 сая америк долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 8,1 сая америк долларын зөрүүтэй байгаа юм. Энэ үзүүлэлтээс харахад долларын ханш өсөж, төгрөгийн ханш унахгүй байх ёстой. Гэтэл манайд эсрэг үзэгдэл бий болоод байгаа юм.

Шалтгаан нь статистик бүртгэлийн тоо, манай улсад орж ирж буй валютын хэмжээ 2 зөрүүтэй байна.Тодруулбал, Оюутолгой компанийн борлуулалтын орлого жилд 2-2,5 тэрбум доллар. Гэтэл энэ мөнгө монголын банкиудад орж цус гүйлгэх бус харин гадаадын банкинд хадгалагддаг учраас манай улс валютаар хомсдож байгаа ч цаасан дээр хомсдох учиргүй дүн гарч байна.

МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй. Гадны банкуудад эргэлдэнэ гэсэн гэрээ хийсэн шүү дээ. Мөнгө гадныхнаар эргэлдэж, үндсэндээ биднээр тохуурхаж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол зүгээр л зэс олборлож гаргаж байна, эдийн засаг өсч байна гэсэн тоо нь үлдээд, хүн ардын амьдралд наалдахгүй. Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуулиар ажиллаж байгаа аж ахуй нэгж Оюутолгойн олсон орлого яагаад заавал гадаадад хадгалагдах ёстой юм гэдэг асуудлыг хөндөөгүй. Энэ бол Монголыг шууд басамжилсан хэрэг л дээ. Монголын баялаг биш, эдийн засаг хүнийсэж байна. Ухсан баялагаа хэмжээд л том тоо гаргадаг, нөгөө талд нь Монголд юу ч үлдэхгүй.хэмээн нэгэн ярилцлага өгөхдөө дурдсан байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан : Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан. Тэгвэл манай улсын банкинд орлогоо хадгалахгүй байх шалтгаан нь юу вэ, дээр дурдсанчлан Оюутолгой компанийн жилийн орлого 2,5 тэрбум орчим ам доллар бол зардал нь 1,7 тэрбум орчим доллар. Өдөр тутмын үйл ажиллагааны зардалд 4-5 сая доллар дансанд нь эргэлддэг. Энэ их мөнгө түр саатвал үйлдвэрлэлд маш том эрсдэл, алдагдал гардаг учраас Монголын банкийг сонгодоггүй гэж тайлбарладаг байна.

Харин одоо бид хүчээр хууль гаргаж, оюутолгойн орлого монголын банкинд байрших ёстой гэж шийдэх боломжгүй.Хэрэв ингэвэл гадны хөрөнгө оруулагчдыг дахин үргээнэ.Тиймээс бид тус компанитай тохиролцоо хийх л гарц байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Харин Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинто хүлээн зөвшөөрөх үү гэдэг анхаарал татаж байна.

Тэгвэл оюутолгой компаниас манай улсад ямар үед валют нийлүүлдэг вэ? -Оюутолгой оны эхний 9 сарын байдлаар 210 сая долларын худалдан авалт хийсэн, үүний 60 хувь нь үндэсний компаниудаас худалдан авсан зүйлд зарцуулагджээ. Дотоодын 531 компани Оюутолгойд ханган нийлүүлэгчээр ажилладаг. -Татвар хураамж болон бусад төлбөрт оны эхний 9 сарын байдлаар 171,5 сая долларыг төлсөн -Үүн дээр 1600 гаруй монгол ажилтны цалинд зарцуулах шаардлагатай валют манай улсад орж ирдэг байна. Оюутолгой компани ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөрөгддөг гэх мэдээлэл ч байгаа юм.Учир нь Оюутолгой компани аль илүү ханш хэлсэн арилжааны банкинд ам.доллараа худалддаг байна. Нэг талаараа Оюутолгой долларын ханш өсөхөд нөлөөлж байна. Тэгэхээр Оюу толгойгоос Монголд өгөх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарахаас аргагүй болсон гэдгийг эдийн засгийн тоон үзүүлэлт гэрчлээд өгөх болжээ.

Б.Ундраа