Монгол Улсад бүртгэгдэж буй COVID-19 халдварын нууц үеийн хугацаа дунджаар 5-7 хоног байна

Монгол Улсад бүртгэгдэж буй COVID-19 халдварын нууц үеийн хугацаа дунджаар 5-7 хоног байна

Манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 738 тохиолдлын 32% нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Мөн халдвар авсан хүнд гол илэрч байгаа шинж тэмдэг нь хамар битүүрч, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг хэмээн тодорхойлов.

Харин халдварын нууц үеийн тухай тэрбээр “Халдварын вирус хүний биед орсноос хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх буюу вирус илрэх хугацааг нууц үе гэж нэрлэдэг.

Коронавируст халдвар гарснаас хойш ДЭМБ-аас 50 гаруй өвчтөн дээр хийсэн судалгаагаар энэ нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзсэн.

Ингээд дэлхийн улс орнууд коронавируст халдварын нууц үеийн хугацаа нь дунджаар 5-6 хоногт илэрч байгаа гэж үзэж байсан.

Тэгвэл Монгол Улс батлагдсан 29 тохиолдолд нууц үеийн хугацааг нь судалж үзлээ.

Уг судалгаагаар халдвартай хүнтэй өртсөн буюу хавьтал болсноос хойш 3-13 хоногт шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр вирустэй нь батлагдсан байна. Энэ нь Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдварын нууц үеийн хугацаа дунджаар 5-7 хоногт нь илэрч байна гэсэн үг.

Гэхдээ халдварын вирус илрэх байдал нь тухайн хүний дархлаа болон хэр ойрхон хавьтал болсноос хамаарна" гэлээ.