Т.Мөнхсайхан: Бид ДЭМБ-д бүртгэгдсэн түргэвчилсэн болон PCR оношилгоог хэрэглэж байна
Улсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 10 хоногоор сунгасан билээ.
Энэ үеэр ДЭМБ-аас зөвлөмж болгоогүй оношлууруудыг их хэмжээгээр авсан шүүмжлэл яригдаж байна. Энэ тал дээр та тайлбар өгөөч?” гэсэн сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй оношлуур гэж юу яриад байгааг бид бүхэн сайн ойлгохгүй байна. Одоогийн бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн болон PCR оношилгооны бүх зүйлийг ДЭМБ бүртгээд зах зээл дээр ямар үнэтэй худалдагдах ёстойг хүртэл тогтоосон.
Ямар нэгэн байдлаар ДЭМБ-д бүртгэгдээгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур байхгүй. Шалгах газар байвал шалгаад тогтоож болно. 18 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт ЭМЯ-д намайг сайд болсноос хойш хийгдээгүй.
Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн хүрээнд зургаан сая долларын цахим программын асуудлыг ярьсан юм болов уу гэж ойлгосон. 2018 онд энэхүү цахим программыг худалдан авах тендерийн хороо нь байгуулагдсан.
Ингээд 2019 онд дахиад тендерийн хороо нь өөрчлөгдөөд худалдан авалтаа зарлаад 2020 оны зургаадугаар сард энэ тендерийн сонгон шалгаруулалт болж дууссан. Миний хувьд 2020 оны долоодугаар сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.
Энэ асуудалтай ямар нэг байдлаар намайг холбох гэсэн ч үндэслэл байхгүй. Тухайн хүн ямар үндэслэлээр ийм зүйл ярьсныг би мэдэхгүй байна. Энэ асуудлыг шалгах ёстой байгууллагад нь шалгуулна” гэж хариуллаа.