Монголыг covid-19-ийн эрсдэл багатай орноор АНУ нэрлэжээ

Монголыг covid-19-ийн эрсдэл багатай орноор АНУ нэрлэжээ

АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах америкчуудад зориулсан зөвлөмжийг гаргаж байгаа юм.

Ингэхдээ дэлхийн улс орнуудыг халдвар авах эрсдэлээр нь 1-4 хүртэл түвшинд ангилдаг. Level 4 нь Covid-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, Level 3 нь “Өндөр эрсдэлтэй”, Level 2 нь “Дундаж эрсдэлтэй”, Level 1 нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилал юм байна. Тус байгууллага энэ сарын 21-ний өдөр энэхүү эрсдэлийн түвшинг дахин хянаж үзээд улс орнуудын жагсаалтыг шинэчилжээ.

Монгол Улсын хувьд Level 1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтсан байна. Мөн энэ ангилалд Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдсэн орнууд багтжээ. "Эрсдэл багатай" орнуудад зорчихдоо АНУ-аас гарахаас 1-3 хоногийн өмнө covid-19 илрүүлэх шинжилгээ өгсөн байх, АНУ-руу эргэж нэвтрэхийн өмнө мөн шинжилгээ өгсөн байх, тухайн улсаар аяллах явцдаа өөрийгөө халдвараас хамгаалах, бусдад халдвар тараахгүй байх арга хэмжээг авч байх зэрэг ерөнхий шаардлагуудыг тавьжээ.

Хятад улсыг Level 1 буюу “Бага эрсдэлтэй” ангилалд багтаасан бол ОХУ-ыг Level 4 буюу “Маш өндөр эрсдэлтэй” орноор нэрлэжээ. Харин Өмнөд Солонгос улсыг Level 2 буюу "Дундаж эрсдэлтэй" орны ангилалд багтаасан байна.

Level 4 түвшинд сүүлийн үед булганаас хүнд covid-19 халдах эрсдэл бий болоод буй Дани улс болон Франц, Бразиль, Герман, Энэтхэг, Итали, Япон, Испани зэрэг халдварын тархалт маш өндөр байгаа орнуудыг багтаажээ.

Эх сурвалж: wwwnc.cdc.gov