Хамгийн учир нь олддоггүй арьс бол холимог арьс. Хэвийн, хуурай, тослог арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд холимог арьсны нэг хэсэгт сайнаар нөлөөлж болох ч нөгөө хэсгийг нь хуурайшуулах юм уу үрэвсүүлэх хандлагатай байдаг. Тиймээс энэ “тэнцвэргүй” арьсыг “тэнцвэржүүлэх”-ийн тулд та юу хийж болох вэ?
1-р алхам: Цэвэрлэгээ
Хэрвээ та холимог арьстай бол өдөрт хоёроос илүү /өглөө, орой/ нүүрээ усаар цэвэрлэх шаардлагагүй. Арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь Т-зоне хэсгийн тосыг гүн цэвэрлэж, хацар орчмыг нэмж хуурайшуулахгүйгээр арьсны балансыг тэнцвэржүүлэхэд туслана. Зөөлөн найрлагатай хөөсөн цэвэрлэгч болон гелин угаагчийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар “тоник” хөвөнд шингээж арьсны дээш чигийн дагуу арчих ба тослог хэсгээр илүү сайтар цэвэрлээрэй. Тоник нь арьсыг тань сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үүрэгтэй байдаг.
2-р алхам: Арчилгаа
Тос түрхсний дараа зарим хэсэг илүү тослогтож, батга гарах магадлалтай учраас заримдаа тос түрхэлгүй орхидог уу? Тэгвэл энэ нь буруу бөгөөд арьсаа гэмтээж буй нэг шалтгаан болдог. Харин холимог арьсны онцлогт тохирсон усан суурьтай тосыг түрхэж заншаарай. Шөнийн тосыг ч мөн мартаж болохгүй! Учир нь арьсыг амарч байх үед нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учраас дух, хамар, эрүү хэсэгтээ нимгэн түрхэж хэрэглэнэ.
3-р алхам: Тусгай арчилгаа
Долоо хоногт 1-2 удаа үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ толигор арьсыг гаргаж байгаарай. Ялангуяа тослогтох хандлагатай хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Холимог арьсанд санал болгох нэгэн зөвлөмж бол халуун ууранд арьсны нүхийг тэлж, тослог булчирхайг ялгаруулах. Үүний дараа арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй шүү.