Өчигдөр өдөржингөө УИХ-ын чуулган хаалттай болсон. Чухам юу хэлэлцэв. Яагаад хуралдаа суусан гишүүн бүр үг хэлж, асуулт асуув гэдэг сонирхол татаж байгаа юм. Энэ удаагийн парламентын анхны хаалттай хуралдаан нь БНХАУ-аас жилийн 2 хувийг хүүтэй. 20 жилийн хугацаатай 4 тэрбум ам долларын зээл. Мөн ОХУ-аас хүссэн мөн адил 2 орчим хувийн хүүтэй 1 тэрбум ам долларын зээлийг голлон хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Монгол Улс хуучин нийгмийн үед их өр гэгчийг ОХУ-д тавьсан байдаг. Энэхүү өрөө төлж чадалгүй сунжруулсаар байгаад яриа хэлэлцээрийн үндсэн дээр 98 хувийг нь тэглэж, үлдсэн хэсгийг нь хэдэн жилийн өмнө барагдуулсан билээ.
Тэгвэл ийнхүү дахин ОХУ-аас тэрбум ам долларын зээл авах нь. Юунд зарцуулахаа Монгол улс төдийлөн төлөвлөөгүй.
Оросоос авах зээлээс илүүтэй БНХАУ-аас авах гэж зүтгээд байгаа 20 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй 4 тэрбум ам долларын зээл. Энэхүү зээлийг авахын тулд Монгол Улсын Засгийн газар Хятадын бодлогыг сөрөхгүй бууж өгч байгаа билээ. Үүний том илэрхийлэл нь “Нэг хятад” гэх бодлогыг Монгол улс бүрэн дэмжиж байгаа. Энэ 4 жилд Далай лам Монголд айлчлахгүй гэх амлалтыг Гадаад харилцааны сайд өгч байгаа явдал. Тэгэхээр энэ бүх асуудлыг хаалттай чуулганаар ярьж, хэлэлцэж, шийдэл гарцыг хайсан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь гишүүд ажил хэрэгч гэхээсээ илүү өмнөх Засгийн газрын ажлыг үгүйсгэсэн. Өнөөдрийн засгаа шүүмжилсэн өнгө аяс давамгайлж байсан тухай зарим гишүүн үг унагааж байх юм. Тэгэхээр хаалттай хуралдааны үр шим тийм ч өндөр байгаагүй гэхэд дэгстүүлсэн болохгүй болов уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал, шүүмжлэлийг танилцуулсан гэдгийг эх сурвалж өгүүллээ. Ерөнхийлөгчийн зүгээс Эрх баригч намд нэлээд хатуухан шүүмжлэл илгээж, ажил нь хэтэрхий удаан байгааг анхааруулсан байна. Ерөнхийлөгчийн зүгээс нэгэнт Монгол Улсын өр 23 их наяд төгрөгт хүрчихсэн. ДНБ-нийхээ 84 хувьтай тэнцэж байгаа энэ нөхцөлд өөр гарц боломжийг олж харах. Дээр нь хөрөнгө оруулагчдыг татахын тулд хувийн хэвшлээ хамгаалах төрийн бодлого хэрэгтэйг сануулжээ.
Харин Ерөнхийлөгчийн байр суурийг үгүйсгэж Эрдэнэтийн 49 хувийг асуудлыг зарим гишүүн сөхөж сүржигнэсэн гэх мэдээлэл дуулдлаа. Хаалттай хуралдааны хазайсан сэдэв нь Эрдэнэтийн 49 хувь байсан гэнэ. Үүнийг төр нийгэмчлэх нь зөв, буруу гэдэг дээр гишүүд талцаж багагүй хэрүүл хийгээд авсан бололтой. Эдийн засаг хүнд, зээл тусламж гуйж байгаа ийм нөхцөлд хувийн хэвшлээс төр өмчийг нь булаан авах юм бол Монгол улсад л ашиггүй. Харин үүнийхээ оронд асуудлыг илүү өргөн хүрээнд харж, зохих шийдлийг олж харах хэрэгтэй гэдэг дээр ихэнх нь санал нэгдсэн бололтой. Хаалттай хуралдаанд 67 гишүүн оролцсон байна. Харин 9 гишүүн томилолттой, чөлөөтэй байжээ.