БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тэнд нь тусгаарлаад, ХӨСҮТ-д авчиржээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул тэнд нь тусгаарлаад, ХӨСҮТ-д авчиржээ

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Анх оношлогдсон иргэд эмчилгээнд ороод 20 хоног болж байна. Анхны батлагдсан тохиолдлуудын биеийн байдал ямар байгааг танилцуулна уу?

А.Амбасэлмаа: Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлээд мэдээлж байгаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад өдөр бүр биеийн байдалд нь хяналт тавьж байна. Хуваарийн дагуу давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.

- Нэг хүний эмчилгээний зардалд 8 сая төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад ямар дүн бэ?

Д.Нямхүү: Эмчилгээний дундаж зардлыг ХӨСҮТ болон ЭМЯ-ны салбар зөвлөл хамтран тооцоолж гаргасан. Гэхдээ энэ дүнг тооцоолж гаргахдаа бусад улс орон шиг нарийн тооцоолол хийж чадаагүй. Дунджаар 6.7-8.9 сая төгрөг гэж гаргасан нь хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээний зардал, эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүд зэрэг багтаж байгаа.

Хөнгөн хүн олон байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байхад хүчтэй эм, тариа хэрэглэх шаардлага байхгүй. Гол нь өвчнөө гадагш тараахгүй тулд хөнгөн хүмүүсээ хянаж байгаад гаргаж байгаа.

Биеийн байдлаас хамаараад эмчилгээ өөр өөр байдаг.

Эмчилгээний зардал дээр тандалт судалгаа болон эмнэлгийн аж ахуйн зардлуудыг нэмбэл үүнээс ч өндөр дүн гарна. Үүн дээр эмзэглэх шаардлагагүй. Бүх зардал тодорхой бичигдээд явж байгаа учраас буруу тоо гарсан гэж санаа зоволтгүй.

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан. Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж PCR шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн.  Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа.

- PCR шинжилгээний хариуг баталгаатай эцсийн хариу гэж үзэж байгаа тохиолдолд түргэвчилсэн оношлуур хэрэглэж шаардлага бий юу?

Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд 54,600 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бөгөөд үүнээс 103 хүний хариу эерэг гэж гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулсан.

ВИДЕО: