Д.Нарангэрэл: Монгол Улс дэлхий дахинд чанартай нь батлагдсан вакциныг авч хэрэглэнэ
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс коронавирусийн эсрэг чанаргүй, хямд вакцин авчихвал эргээд хүн амын эрүүл мэндэд аюул учрах эрсдэлтэй. Иймд вакцинд тавьж буй шалгуурынхаа талаар тайлбар хэлэхгүй юу?” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай. Тухайлбал, манай улсын 0-15 насны хүүхдүүдэд хийж байгаа бүх вакцин НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-ын баталгаат үйлдвэрээс авч, хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол дэлхий дахинд хамгийн чанартай, хамгийн баталгаатай вакциныг хэрэглэдэг орны нэг юм. Үүнд иргэд эргэлзэх хэрэггүй.
COVID-19-ийн хувьд ч гэсэн бид хамгийн чанартай,баталгаатай вакциныг хэрэглэх төлөвлөгөө зорилттой ажиллаж байна.
Бидний тавих хамгийн эхний шалгуур бол ДЭМБ-ын зөвшөөрөл, батламжийг авсан вакцин байх шаардлагатай. Хоёрдугаарт манай орны хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг чадавхад тохирсон байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.
Хамгийн найдвартай, хамгийн сайн буюу дэлхий дахинд чанартай нь батлагдсан вакциныг л Монгол Улс авч хэрэглэнэ" гэсэн юм.