Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд нийт 12.015 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд 259 хүний хавьтлын шинжилгээ орсноос 11 хүнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол нэмэгдэж, ойрын гэр бүл, хамт ажилладаг, нэг байранд байсан хүмүүс өвчилсөн. Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1063 хүн байгаагаас 386-д нь гурван удаа шинжилгээ, 827 хүнд хоёр удаа шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдлын илрүүлэг хийхэд эхний шинжилгээгээр 71 хувьд вирус илэрч байгаа бол 26 хувь нь хоёр дахь, гурван хувь нь гурав дахь шинжилгээгээр онош нь батлагдаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хот, зургаан аймагт тандалт судалгаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 429 болж байна. Эдгэрсэн 358, гэрийн ажиглалтад байгаа нэг, сувиллын ажиглалтад 35, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. Нутаг буцсан есөн хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байна.
Улаанбаатарт өвчлөл бүртгэгдсэн дүүрэг, хороод:
- Баянгол дүүргийн 9 хороонд 23 тохиолдол,
- Баянзүрх дүүргийн 5 хороонд 25 тохиолдол,
- Сүхбаатар дүүргийн -4 хороонд 12 тохиолдол,
- Сонгинохайрхан дүүргийн 3 хороонд 13 тохиолдол,
- Хан-Уул дүүргийн 4 хороонд 15 тохиолдол,
- Чингэлтэй дүүргийн 1 хороонд 1 тохиолдол,
- Багануур дүүргийн 4 хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатарын дотоодын халдвар 90 боллоо.
Өнгөрсөн 24 цагт Дархан-Уул, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Сэлэнгэ, Орхон аймагт шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,
- Сэлэнгэд шинээр 3, нийт 183 тохиолдол,
- Орхон аймагт 2 тохиолдол шинээр, нийт 24 тохиолдол боллоо.