УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга хэн болох вэ? Ийм яриа хэлэлцээр тус намд эрчтэй явагдаж байна. Одоо бүлгийн дарга хийж байгаа С.Эрдэнэ гишүүний хувьд нэгэнт намын даргын сунгаанд ялалт байгуулсан. Ийм учраас түүний хувьд бүлгийн даргын ажлаа өгөх магадлалтай. Тэгэхээр бүлгийн даргаар хэн болох вэ? Энэхүү асуултад 3 эрхэм хүчтэй яригдаж байгаа.
Л.Болд: МоАН санаачлага ТББ-ын тэргүүлэн ажиллаж байгаа. Нам дотроо бол МоАН фракцын төлөөлөл. УИХ-д тус фракцаас 2 хүн суудалтай. Сонгуулийн дараа л тус фракц бүлгийн даргыг авах гэж зүтгэсэн ч тусыг эс олсон удаатай. Энэ удаад С.Эрдэнэ даргатайгаа тохиролцоогоо зөв хийж чадуул бүлгийн даргыг авч дөнгөнө. Л.Болдын хувьд зөөлөн аядуу, сөрөг хүчний бүлгийн даргын сэнтийг эзэгнэн суугаад эрчтэй, бас хүчтэй, довтолгоо сайтай ажиллах магадлал бага гэсэн үнэлгээг намынхаа нөхдөөс авдаг юм билээ. Ядаж л хэлэх үг нь сул, хийтэй үг хэлчих гээд байдаг гэмтэй. Оновчтой шийдэл, зөв гарц, гаргалгааг хийдэг ч мань хүний үгийн далайц нь өрөөлд хүрэхдээ тааруухан. Иймээс энэ тал дээрээ дэмжлэг авах тал дээр маруухан. Бусдаар бол түүнд боломж бий. Түүний магадлал 40+ гэсэн үнэлгээтэй.
Д.Эрдэнэбат: Ардчилсан намын даргын сонгуульд амжилт үзүүлж чадаагүй ч нам дотроо бол хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Тэр дундаа Шонхор фракцынхан түүнийг түших гэж оролдох нь гарцаагүй. Учир нь МҮДН фракцын төлөөлөл. Дээр нь хүчтэй дуу хоолой. Мөн орон нутгийн сонгуульд Ерөнхий менежерээр ажиллаж намаа амжилтанд хөтөлсөн. Энэ бүхэн нь түүнийг С.Эрдэнэ гэдэг эрхэм шууд хаяж болохгүй гэдгийг баталгаажуулаад байгаа. Тэгэхээр түүнд боломж бусдаасаа илүү. Д.Эрдэнэбатын хувьд өмнө нь бүлгийн даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Бүлгийн дарга байхдаа жинхэнэ утгаар нь зангидаж, зангарагатай ажиллаж байсан гэж намынх нь гишүүд үнэлдэг юм билээ. Тэгэхээр түүнийг энэ удаад ч бас тэрхүү ажлаа чадамгай хийж дөнгөнө. Тэр дундаа сөрөг хүчний бүлгийн даргыг сул дуутай эрхмээс илүү чанга, ширүүн дүртэй хүн хийх нь зөв гэх хандлага тус намынханд бий болжээ.Түүний бүлгийн дарга болох магадлал 50+ гэж хэлж болно.
Ж.Батзандан: Сонирхол бол бий. Тэр ч өөрөө хамгийн түрүүнд үүнийг л хүсч байгаа. Энэ утгаараа эв нэгдлийг эрхэмлэх мэт дүр эсгэн намын даргын сунгааны дараах хэвлэлийн хурал дээр ялагдсан ч гүйгээд ирсэн. Үүний цаана бүлгийн даргын суудал харагдаж байсан биз. Тэр утгаараа С.Эрдэнэ гэдэг хүнд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч тал зассан болов уу. Үүнийг нь мэдсэн сэтгүүлч хүртэл дараагийн бүлгийн дарга болох сонирхолтой эсэхийг нь асуугаад авсан билээ. Тэрээр үгүй ч гээгүй. Тийм ч гээгүй. Тэр асуудал өнөөдөр яригдахгүй гэж хариулсан. Тэгэхээр тэр маш их хүсч байгаа. Харин түүнд итгэл хүлээлгэх магадлал УИХ дахь АН-ын бүлгийнхэнд бол бага. Ж.Батзандан бүлгийн дарга боллоо гэхэд нэг бодлоготой, нэг шийдэлтэй байж чадах уу. Наанадаж л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь дээр намынхаа бүлэгтэй тохирч чадахгүй. Тэгэхээр бүлгийн дарга нь эсрэг зүйл яриад гүйгээд байвал тэдэнд шийдэл олдохгүй. Ийм учраас Ж.Батзандан бүлгийн дарга болно гэдэг магадлал маш бага. 20+ гэхэд бараг болно.
Ийнхүү АН-ын бүлгийн даргын сунгаанд өрсөлдөх нэрс тодорч эхэллээ. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэгт Алтангадас фракцын төлөөлөл байгаа ч тэд өрсөлдөөнд орох боломжгүй. Тус намд оногдсон Төрийн хамгийн том суудлыг тэд эзэлчихсэн байгаа билээ. Тэгэхээр тэдэнд боломж бага. Я.Санжмятав гишүүний хувьд уг суудалтайгаа үлдэх сонирхол нь илүү байгаа болов уу. Түүнээс өөр суудлын төлөө зүтгэх нь ашиггүй гэж харж байгаа нь мэдээж. Тэгэхээр С.Эрдэнэ нэгэнт намын дарга гэсэн статустай учраас бүлгийн даргаа давхар хийж МАН-ынхантай өдөр бүр хэрүүл хийхийг хүсэхгүй. Тэр ч өөрт нь ашиггүй. Оноо алдахын нэмэр. Тэгэхээр өрөөлийг энэхүү суудалдаа суулгах нь гарцаагүй. Харин хэн вэ? Энэ асуултын хариулалтанд АН-ын бусад албан тушаалын хуваарилалт хамгийн чухал нөлөөтэй. Тэгэхээр бараг л Д.Эрдэнэбат байх магадлал маш өндөр харагдаж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Болд, З.Нарантуяа, Ж.Батзандан, Н.Наранхүү, Б.Пүрэвдорж, Мурат гэсэн9 гишүүнтэй. Шинэ 4 гишүүн бол ах нарынхаа амыг л харахаас өөр сонголт байхгүй. Наранхүү гишүүний хувьд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй түүнд суудал бол сонин биш.