БНСУ Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компанитай “COVID-19”-ийн вакцин худалдан авах гэрээ байгууллаа гэж БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.
Гэсэн хэдий ч Сөүлийн засаг захиргаа гэрээний үнийн дүн, худалдан авах вакцины хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
“БНСУ “AstraZeneca” компанитай вакцин нийлүүлэх гэрээ саяхан байгуулсан. Засгийн газар хэлэлцээний үр дүнгийнхээ талаар ирэх долоо хоногт танилцуулахаар төлөвлөж байна” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
“AstraZeneca” компанийн вакцин эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 70-90 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд нэг хүнд хоёр тунг тарих шаардлагатай юм. Тус компани тун вакцинаа 3-5 ам.доллароор худалдаална гэдгээ мэдэгдсэн байна.
БНСУ “AstraZeneca”, “Pfizer-BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson”, “Novavax” компанид гарган авсан таван вакциныг худалдан авахаар хэлэлцэж байгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.
“AstraZeneca”-гийн вакцины хувьд бусад компанийнхаас хямд үнэтэйгээс гадна Цельсийн 2-8 хэмд урт хугацаагаар хадгалах боломжтой ажээ.
Энэ оны долоодугаар сард БНСУ-ын “SK Group” группийн “SK Bioscience” компани “AstraZeneca”-тай вакцин нь бэлэн болсон үед үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна.
50 сая орчим хүн амтай БНСУ 30 сая хүнийг дархлаажуулахад хангалттай хэмжээний вакцин авахыг эрмэлзэж байгаа ажээ. Мөн Засгийн газар 44 сая хүнийг дархлаажуулахад ирэх онд 900 тэрбум вон буюу 820 сая ам.долларыг зориулна гэдгээ саяхан мэдэгджээ.
БНСУ-д халдварын анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын сүүлээр бүртгэгдсэнээс хойш 35700 гаруй хүн халдвар авч, 529 хүн нас барсан байна.