Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/- аас хорио цээрийн дэглэмтэй байгаа эдгээр өдрүүдэд зорилтот бүлгийн өрх, иргэнд туслах “Food bank” аяныг 12 хоногийн хугацаанд өрнүүлжээ. Улмаар 360 өрхөд хүнсний бүтээгдэхүүн болоод бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлсэн байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлэх, дархлааг нэмэгдүүлэх цаашлаад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аяныг өрнүүлсэн бөгөөд аянд нийт 308 иргэн, ААНБ нэгдсэн байна.
Аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, түлээ нүүрс, ахуйн хэрэглээний бараа, хувцас, амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн зэрэг 23574.8 мянган төгрөгийн эд зүйлс цуглажээ. Улмаар эдгээрийг ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй амьжиргааны түвшин доогуур зэрэг 360 өрхөд хуваарилан олгосон байна.