ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ-ЫН ЭМ БЭЛДМЭЛ, БИОТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ-ЫН ЭМ БЭЛДМЭЛ, БИОТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсаас  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп  «ХимРар» компанийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү компани нь шинэ коронавирусний эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа «Авифавир» эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн «ХимРар» эрдэм  шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, «ИИХР»  ХК-ийн Ерөнхий захирал Дмитрий Кравченко нар хүлээн авч, компанийн үйл ажиллагааны талаар болон эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан болно.

Түүнчлэн уулзалтанд Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахим хэлбэрээр оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан «Спутник V» вакцины танилцуулгыг хийлээ.

Талууд хоёр орны цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл сонсож, цаашид хамтран  ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид тус компанийн үндсэн лабораториуд болон эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцтай газар дээр нь үзэж танилцав. Тус компанийн зүгээс уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоож өгөх хүсэлтийг албан ёсоор тавьсан болно.