Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолоор тус хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдуулахаар товлосон билээ.

Хурлыг БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа нээн үг хэлж хурлын дэг, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд цахимаар 22 төлөөлөгч, танхимд 19 төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэй хурал эхлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу БГД-ийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар “Коронавирус цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-г танилцууллаа.

Энэ үеэр Дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Сэмжидмаа “ Хөл хориотой эдгээр өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд хамгийн сүүлд дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн харамсалтай мэдээлэлтэй танилцлаа. Иймээс цагдаагийн байгууллага болон боловсролын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, хороодын хамтарсан баг эрсдэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд анхаарч, хичээж ажиллах шаардлагатай байна. Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр 10 байдаг хэдий ч манай дүүрэгт байхгүй байна. Иймээс бид энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна”  гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулав. Мөн Баянгол дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын биелэлт, дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, Хурлын хороод байгуулах тухай болон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга нарыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэн дүгнэж баталлаа.