Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 917 боллоо

Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж, бүртгэгдсэн халдварын тоо 917 боллоо

2020 оны 12-р сарын 15-ны 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвар 917 болоод байна. 24 цагийн байдлаар Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол буюу шинээр таван тохиолдол бүртгэгдээд байна. 

Ингэснээр 

  • Улаанбаатарт 140
  • Дархан-Уул аймагт 45
  • Сэлэнгэ аймагт 215
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Дорноговь аймагт 32
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм. 

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Улсын хэмжээнд каластр өвчлөлийн голомтод 464 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

НЭГ ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА

Манай улсад батлагдсан 917 тохиолдлоос 384 нь эдгэрсэн бол 524 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байна.

Эдгээр хүний 450-ынх нь биеийн байдал хөнгөн , 68 нь хүндэвтэр, 5 хүний биеийн байдал хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна.

Коронавируст халдварын үед илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдэг томуу, томуу төст өвчний үед илэрдэг хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах нусгайрах гэх мэт шинж тэмдэг 10-36 хувьд нь илэрч байгаа болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

“Эмнэлзүйн шинж тэмдэггүй байж байгаад 2-6 дахь хоногт дээрх шинж тэмдэг илэрч байна. Дээрх шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлаж, эмчид хандах хэрэгтэй.  Бид 1100 гаруй ойрын хавьтлаас 800 гаруйнх нь хариуг гаргасан. 540 гаруй ойрын хавьтлыг тусгаарлаж, хянаж байна. Ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илрэх эрсдэлтэй. Тэгэхээр бидний хяналтад эрсдэл бүхий 500-600 хүн байна. Ард иргэд сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.