Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан захирамж гаргалаа

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан захирамж гаргалаа

Улсын онцгой комисс,  Засгийн  газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улс орон  даяар тав  хоногийн хөл  хорио тогтоосон юм.  Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж”  гаргалаа.  Уг  захирамжид: 

1.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажилласугай:

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоосугай.

1.2.Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласугай.

1.3.Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай.

1.4.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/-ын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосугай.

1.5.Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд дотоодын хяналт тавьж ажилласугай.

1.6.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөсүгэй.

1.7.Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэд, оршин суугчдад уриалсугай. 

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/1241 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс