Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл энэхүү захирамжтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот руу орох гарах хөдөлгөөний бүрэн зогсоосон гэж мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатааас захирамжийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.
-Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлыг хангуулахаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна. Тэгвэл хотоос гарах, орох хөдөлгөөнийг ямар байдлаар хянаж байгаа вэ. Иргэд хотруу орох хөдөлгөөнийг бүрэн хаасан гэх ойлголттой байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Өчигдөр /2020.11.11/ Засгийн газар, УОК хуралдаж тогтоол гаргасан. Харин таны асуултын тухайд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын А 1242 дугаар захирамжтай холбоотой. Уг захирамжийн 1.2 дугаар заалттай холбоотойгоор зарим ташаа ойлголт иргэдийн дунд үүссэн гэж ойлгож байна. Энд “Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласугай” гэсэн байгаа. Хязгаарласугай гэдэг нь хотоос орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэсэн үг биш юм. Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.7 дугаар зүйл дээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Харин 10.4.4 дээр “Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах” гэдэг заалт байгаа. Хязгаарлалтын дэглэм тогтоох гэдэг нь засаг, захиргаа нутаг дэвсгэрийн голомтын хэсэгт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор, хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг хэлнэ. Энд зогсоох гэдэг үг байгааг анхаараарай. Бид мөн хязгаарлах гэдэг үгийг энд оруулсан. Тиймээс Шадар сайдын 12 дугаар тогтоолоор Нийслэлд орох хөдөлгөөн нээлттэй. Харин гарах хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Бид Нийслэл рүү орох хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. Хязгаарлах гэдэг нь хөдөлгөөнийг зогсоосон гэсэн үг биш.
-Хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлаж байгаа вэ?
-Бид хөдөө орон нутгаас хот руу орж, ирж байгаа зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг нь үзэн, явсан маршрутыг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, тодорхой арга хэмжээг авна. Хэрвээ хэвийн байвал хот руу нэвтрүүлнэ.
-Одоогийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодод хязгаарлалтыг ойлгоогүйгээс болж ямар нэгэн асуудал үүссэн тохиолдол бий юу?
-Ийм мэдээлэл бидэнд ирээгүй. Цахим орчинд “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг бүрэн зогсоосон” гэдэг мэдээлэл гарсантай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны шуурхай штабтай холбогдож, хязгаарлалтын талаарх учир шалтгааныг тайлбарлан орон нутгийн постуудад дамжуулах чиглэлийг өгсөн. Харин зарим аймгийн удирдлага өөрсдийн эрх, хэмжээний хүрээнд орон нутагтаа орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гаргасан байсан. Жишээлбэл, Архангай аймаг Увсаас ирж буй автомашиныг нутаг дэвсгэрээрээ явуулахгүй байх гэдэг ч юм уу. Ийм зохицуулалт байх ёсгүй юм. Харин Архангай доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд д хяналт тавих ёстой. Тиймээс Увс, Завхан аймгаас Архангайгаар дайран өнгөрөх машиныг нэвтрүүлэх ёстой.
-Тэгэхээр хот руу орох хөдөлгөөн хэвийн, гагцхүү хязгаарлалтад захирагдаж нэвтэрнэ гэсэн үг үү?
-Тийм. Нийслэлийг зорих жолооч, зорчигчид бүгд хязгаарлалтад хамрагдана. Энэ нь бүгд хараа хяналтгүй, чөлөөтэй зорчино гэсэн үг биш юм. Хязгаарлалтын хүрээнд иргэдээс асуумж авна. Мөн биеийн халууныг нь үзэж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандана.
-Шийдвэр гарснаас хойш хот руу хэчнээн тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байгаа вэ?
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн харьцангуй бага байна. Хотод ч гэсэн авто тээврийн хөдөлгөөн маш сийрэг байгааг харж байгаа байх. Өчигдрийн /2020.11.11/ Нийслэлийн Онцгой комиссын хурал дээр Тээврийн цагдаагийн байгууллага авто тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэл хийсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассан, иргэд хариуцлага, ухамсартай нөхцөл байдалд хандаж байгаа талаар мэдээлсэн. Одоо хэрэгжиж буй захирамжид заасан тээврийн хэрэгслүүд үйл ажиллагааны чиглэлээр чөлөөтэй нэвтэрнэ. Харин тэдгээрээс бусад тээврийн хэрэгслийг хязгаарлалттай нэвтрүүлж байгаа.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс