Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд хүн амын махны хэрэгцээг хангаж, махны үнийг тогтворжуулах, иргэдийг олноор нь худалдаа үйлчилгээний газарт цуглуулахгүй байх зорилгоор маргаашаас нөөцийн махны худалдааг эхлүүлэхээр болов. Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулах шийдвэрийг гаргасан байна. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдана.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хүнсний бэлэн байдлын удирдлагыг хангах шуурхай штабаас өнөөдөр, маргаашаас эхлэн төвийн зургаан дүүргийн 12 байршилд 2020-2021 оны өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн махны хангамжийг сайжруулах, махны үнийг тогтвортой байлгахын тулд нийслэлийн хэмжээнд 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн махыг өнөөдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 15 байршилд 200 тонн хүртэлх махыг зохион байгуулалттайгаар борлуулна. Өнөөдөр зарим аж ахуй нэгжүүд бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид нөөцийн мах худалдаалах аж ахуй нэгжийн тоог нэмнэ” гэв.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
- II хороо, KFC төвийн баруун талд
- 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
- 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
- 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
- I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
- 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй
- 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар
- Хангай хотхоны гадна талбай
- 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан
- 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
- 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
- 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай
Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд иргэдийн хөл хөдөлгөөн бага, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан авалт хийх байдал багассан худалдаа, үйлчилгээний газрууд хэвийн хэмжээнд ажиллаж байгааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС