Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. 

Т.Хэрлэн “Уг шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас тендер шалгаруулалтыг хойшлуулан, ирэх хавраас ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Манай “Шуурхай бригад” гарсан гэмтлийг засварлаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан” гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа нь сайн байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудалд бид цаашид онцгой анхаарч ажиллана. Хот нийтийн аж ахуйн найдвартай байдлыг бий болгож, засвар шинэчлэлийг хийхийн тулд санхүүгийн олон эх үүсвэрийг судалж байна” гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС