Монгол Улсдаа хайртай. Эдийн засаг хүнд байхад улсаасаа харамлахгүй гэж ирээд л мэдэгдэл хийсэн улс төрчийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Дорноговь аймгийн ноён гэгдэх болсон тус эрхмийн хувьд нутгийнхаа зөвлөлийн даргын албыг хашдаг. Өнгөрсөн 4 жил нутагтаа гүйдэлтэй байж, аймагтаа багагүй хөрөнгө оруулалтыг хувиасаа хийсний хүчинд УИХ-ын гишүүн хэмээх алдрыг хүртээд байгаа билээ.
Б.Дэлгэрсайхан нь “Дорнын говь” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн босс. УИХ-ын гишүүн улсад 100 сая төгрөг өгчихөөд араас нь ашиг хүртэх гэж нэхэж суугаа бололтой.
Б.Дэлгэрсайхан нь Улаанбаатар төмөр замын даргаар Жигжиднямааг томилуулах ажлыг уухайлан дэмжсэн. Жигжиднямааг дарга болгох бүхий л боломжийг ашигласан. Уг нь Оросын тал Улаанбаатар төмөр замын даргаар Загджавыг томилох хүсэлтэй байжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүч түрэн орж ирсэнээр Загджав өрсөлдөөнөөс хасагдаж Жигжиднямаа тодорсон нь учиртай байлаа. Уг учрыг утга өнөөдрөөс тайлагдаж эхэлж байна. Б.Дэлгэрсайхан гишүүн Төмөр зам дээр өөрийн хүнийг аваачиж байгаад компанийхаа тээврийн зардлыг бууруулахаар эртнээс төлөвлөсөн бололтой.
Улаанбаатар төмөр замын хувьд ачаа тээвэрлэлтийн гол бүтээгдэхүүн нь уул уурхай. Тэр дундаа төмрийн хүдрийн тээвэрлэлт байдаг. 2016 онд л гэхэд Улаанбаатар төмөр замаар 5,1 сая тонн Төмрийн хүдрийн тээвэрлэлт хийгджээ. Энэ нь бүх төмрийн хүдэр зөөдөг компаниудын нийлбэр гээд байгаа. Үүнийг нарийвчлан судлаад харах юм бол Б.Дэлгэрсаййхан гишүүний эзэмшлийн “Болд төмөр Ерөө гол” ХХК нь дангаараа 70 хувийг нь эзэлж байна. Иймээс л улсад 100 сая төгрөг хандивлаж сайн хүн болсон эрхэм гишүүн уг мөнгөө хэд дахин нугалж олохын тулд Төмөр замын тээвэрлэлтийн үнийг буулгахаар хөөцөлдөж эхэлжээ.
Улаанбаатар төмөр зам нь жилдээ 20 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байна. 2014 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2015 онд 19 сая тонн ачаа тээвэрлэж байжээ. Эдгээрээс төмөр зам ашиг олж, алдагдлаа нөхдөг цөөхөн ачааны нэг нь Төмрийн хүдрийн тээвэрлэлт. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардлыг 30 хувь бууруулахаар Улаанбаатар төмөр замынхан болон Зам тээврийн яамыг лоббидож эхэлсэн мэдээлэл байна. Хэрэв тэгж үнээ буулгачих юм бол эргээд Улаанбаатар төмөр зам ашиг олохын тулд бусад тээврийн зардлаа өсгөж мэднэ. Эсвэл Зорчигч тээврийн үнээ нэмэх магадлал маш өндөртэй. Улсад 100 сая төгрөг өгчхөөд эргээд түүнээсээ ч илүү ашиг хүртэх гэсэн санаа биш гэж үү?
Төмрийн хүдэр олборлож байгаа аж ахуйн нэгжүүд олон тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг хэрнээ улсад өгдөг татвар нь тун бага. Тухайлбал 2016 онд 447 тэрбум төгрөгийн борлуулалтын Төмрийн хүдэр олборлосон аж ахуйн нэгжүүд хийжээ. Харин улсад төлсөн татвар нь 10 тэрбум төгрөг. Олдог мөнгө нь их хэрнээ өгдөг татвар ч бага ч гэсэн түүнээсээ илүү шунаж тээврийн зардлаа буулгах гэж зүтгэх нь их шунал биш гэж үү?
Дээр нь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийнхан төмөр зам дээр 281 км төмөр зам шинээр бариулахаар зүтгэж байгаа. Хэрэв энэхүү төмөр зам ашиглалтад орчих юм бол Монгол Улсын Төмрийн хүдэр БНХАУ-ын Бугатын төмрийн хүдрийн гол түүхий эд болж 20 жил зөөгөөд дуусна. Ийм л явцуу эрх ашгийн төлөө төр түшилцэж байгаа эрхэм шунан зүтгээд байгаа юм биш биз. Энэ тухай ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэгэнтээ хэлсэн байдаг. Монгол Улсыг төмрийн хүдрээ гадагшаа зөөх нь буруу. Үүнийг хийж байгаа 2 хүн бий. Нэг нь энэ Б.Дэлгэрсайхан. Нөгөө нь дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсан Эрдэнэбилэг гэж өгүүлсэн байдаг билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 саяыг хаяж хэдэн тэрбум төгрөгийг олох наймааг эхлүүлчихсэн юм бол оо?