Архангай аймагт Нэг өрх нэг иргэн шинжилгээнд 3800 гаруй иргэнийг хамруулахад бүгд сөрөг гарчээ

Архангай аймагт Нэг өрх нэг иргэн шинжилгээнд 3800 гаруй иргэнийг хамруулахад бүгд сөрөг гарчээ

Батцэнгэл суманд гурван тохиолдол бүртгэгдсэнээс хойш ойрын хавьтал 1000 гаруй иргэнд тандалт судалгаа хийж, 70 иргэнийг тусгаарлах байранд тусгаарлан, 518 иргэнийг хяналтдаа авсан байна. Мөн сумын хэмжээнд “Нэг иргэн-нэг шинжилгээ”-нд 3800 гаруй иргэнийг хамруулж, PCR шинжилгээ авахад бүгд сөрөг хариу гарчээ.

Батцэнгэл суманд 11-р сарын 27-ны өдөр коронавируст халдварын тохиолдол илэрч, голомтыг тогтоох, цар хүрээг хумих хариу арга хэмжээ авах багийг аймгийн Засаг даргын захирамжаар тус сум руу илгээсэн.

Энэ багт аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, Цагдаагийн газрын Хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Ж.Амгаланбаатар, Тагнуулын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ц.Билгүүн, дэслэгч Ж.Мягмар-Очир, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч М.Галбадрах, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тархвар судлаач эмч Э.Ариун-Эрдэнэ нар багтаж, газар дээр нь ажилласан байна.

Тус суманд хатуу хөл хорио тогтоож, шуурхай арга хэмжээ авч ажиллах хугацаанд ОБГ-ын 13, Цагдаагийн газрын 20 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 1, Эрүүл мэндийн газраас 10, Зооноз өвчин судлалын төвөөс 3, Улсын Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн явуулын лабораторийн 3 албан хаагч, Сумын онцгой комиссын гишүүд, давхардсан тоогоор нийт 150 гаруй төрийн албан хаагч ажиллажээ.