Олон улсын жудо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдийг урамшуулахаар болжээ. Жилийн турш жингээ тэргүүлсэн 14 бөхийн тоонд Монгол Улсын 2 тамирчин багтсан таатай мэдээ байна. Тодруулах юм бол “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, Мөн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар 50 мянган ам долларын шагналын эзэн болоод байна. Олон Улсын жудо бөхийн холбооноос гаргасан чансаагаар 48 кг-ийн жинг гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлсэн хэвээрээ байна. Түүний хувьд нийтдээ 2790 оноо цуглуулж жингээ итгэл төгс тэргүүлсэн байна. Түүний араас мөн л Монгол улсын иргэн, Казахстан улсын өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг жагссан байна. Г.Отгонцэцэгийн хувьд 2740 оноог цуглуулжээ. Уг жингийн айргийн гуравт Японы бөх Кондо Ами 2233 оноогоор оржээ.
57 зг жингийн тэргүүн бөх Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн хувьд 3530 оноогоор жингээ итгэл төгс тэргүүлсэн байна. Түүний ард уг жингийн хамгийн ширүүн өрсөлдөгч Ешида Цүкаса оржээ. Тэрээр 2468 оноогоор оржээ. Д.Сумъяагийн хувьд өрсөлдөгчөөсөө 1062 оноо илүү авсан нь хамгийн олон оноогоор арын тамирчнаасаа тасарсан үзүүлэлт юм. Ийнхүү Монгол Улсын жудо бөхийн нэрийн хуудас болсон 2 тамирчин бүтэн жил жингээ тэргүүлэн барилдаж 50 мянган ам долларын шагналыг Олон Улсын жудо бөхийн холбооноос хүртэхээр боллоо.