Европын Холбоо "Pfizer"-ийн вакциныг ашиглах зөвшөөрөл олголоо

Европын Холбоо "Pfizer"-ийн вакциныг ашиглах зөвшөөрөл олголоо

“Pfizer”, “BioNTech”-ийн вакциныг Европын зохицуулах байгууллагын зөвлөл дэмжлээ. Оны эцэс гэхэд вакцинжуулалтыг эхлүүлэхэд асуудалгүй болж байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Pfizer, “BioNTech”-ийн вакциныг бүртгэж, яаралтай үед ашиглах зөвшөөрөл олгох явц эцсийн шатандаа оржээ. Он гарахаас өмнө эцсийн шийдвэр гарах магадлалтай байна.

Түүнчлэн БНХАУ-ын “Sinovac”-ийн вакцин Бразилд эцсийн шатны туршилтаар үр нөлөөтэй болох нь тогтоогдсон талаар “Wall Street Journal” мэдээлсэн байна. Энэхүү вакциныг голлон хөгжиж буй орнуудад цар тахалтай тэмцэхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд найдлага тавьж байгаа юм.

Сингапур улс “Pfizer”, “BioNTech"-ийн вакцины эхний ээлжийн хүргэлтээ хүлээн авчээ. Тус улс вакцинжуулалтад 750 сая ам.доллар төсөвлөсөн ба ирэх оны III улирал гэхэд 5.5 сая хүнээ вакцинжуулна гэж тооцоолж байна.

Филиппин улс ирэх оны II улиралд 60 сая тун вакцин хүлээн авах гэрээ хэлэлцээгээ удахгүй баталгаажуулахаар хүлээгдэж байна. 20 саяыг нь “AstraZeneca”-аас, үлдсэнийг нь “Novavax”-ийн вакцин үйлдвэрлэх Энэтхэгийн “Serum Institute”-ээс авах ажээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден “Pfizer-BioNTech”-ийн вакцины эхний тунгаа хийлгэсэн аж. Тэрбээр олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд вакцинжуулалтад идэвхтэй оролцож байгаа улстөрчдийн нэг болж байна.

Үүнээс гадна АНУ-ын агаарын тээврийн компаниуд ням гарагт гурав дахь өдрөө дараалан нэг сая гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь гуравдугаар сарын дунд үеэс “COVID-19”-ийн тархалт эрчимжсэнээс хойших хамгийн өндөр дүн болж байна. Иргэд эрүүл мэндийн эрсдэлийг хойш тавьж, Зул сарын баярын улирлаар агаарын тээврээр зорчих нь огцом нэмэгджээ.

Харин БНСУ “COVID-19”-ийн тархалтаас сэргийлж цанын бааз, аялал жуулчлалын газруудыг шинэ он гартал түр хаахаар шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 77.7 сая, эндсэн 1.7 сая тохиолдол бүртгэгдээд байна. Харин 54.6 сая хүн эдгэрчээ.