БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 55-аар нэмэгдэж, 131 боллоо

БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 55-аар нэмэгдэж, 131 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 131 болсныг мэдээллээ.

Өнөөдөр манай улсад шинээр 57 халдварын тохиолдол бүртгэгдсэний 55 нь тус голомтоос гарсан байна. 

Тодруулбал, өвчтөн 43, сахиур хоёр, эмнэлгийн захиргааны ажилтан нэг, эмнэлгээс гарсан нэг хүн байна. Богино хугацаанд эрчимтэй гарч буй дэгдэлтийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Илэрсэн 55 тохиолдол тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан гэдгийг онцолж хэллээ. 

Мөн Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлагдсан нэг иргэн болон Цэргийн төв эмнэлгийн нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Ингээд дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймаг болон Улаанбаатар хотод бүртгэгдээд байсан ачаа тээврийн жолоочтой холбоотой голомтод халдвар нэмэгдээгүй байна.

Нэг өдөрт 57 буюу хамгийн олон тохиолдол өнөөдөр илэрлээ. Үүнээс өмнө, өнгөрсөн сарын 22-ны өдөр 47 тохиолдол бүртгэсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол байсан юм.