Б.Баатархүү: Хөл хорионы эхний өдөр 4907 иргэнийг буцааж, 3020 хүнд маск зүүх сануулга өгсөн

Б.Баатархүү: Хөл хорионы эхний өдөр 4907 иргэнийг буцааж, 3020 хүнд маск зүүх сануулга өгсөн

Бүх нийтийн бэлэн байдлын өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл хотод хөл хорио тогтоогоод байна. Нөхцөл байдал хэр байна вэ?
-Засгийн газраас нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд гарч буй хүндрэл, бэрхшээл байна уу?
-Нийтлэг илэрч байгаа зөрчил нь иргэд өмнөх QR кодтой хөдөлгөөнд оролцох, мөн шинэчилсэн QR кодоо авсан хэдий ч зориулалтын бусаар хөдөлгөөнд оролцох, хүн тээвэрлэх, онцын шаардлагагүйгээр гэрээсээ гарч бүлэг, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчил гаргаж байна.

Гэтэл иргэд QR кодгүй хөдөлгөөнд оролцох, QR кодтой хэдий ч үндсэн чиглэлээсээ өөр зорилгоор хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдөр буюу 23-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид зөвшөөрөгдсөн 15 байгууллага, үйл ажиллагаанд хамааралгүй, зорилго тодорхойгүй 4907 иргэнийг гэр рүү нь буцааж, 3020 иргэнд амны хаалт хэрэглэх талаар сануулсан, эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай 900 иргэнийг эмнэлэг рүү явуулсан байна. Хөл хорио тогтоож байгаа нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас,  аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил гэдгийг иргэн бүр ухамсарлаж, хариуцлагатай байхыг уриалж байна.

-Хязгаарлалт тогтоосон хэдий ч замын хөдөлгөөний ачаалал урьдынх шиг буурахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?
-15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад тодорхой тоогоор НЗДТГ-аас QR код шинээр олгож байгаа. Гэтэл иргэд QR кодгүй хөдөлгөөнд оролцох, QR кодтой хэдий ч үндсэн чиглэлээсээ өөр зорилгоор хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. Халдварт өвчин та биднийг ялгахгүй тиймээс иргэд маань Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн гэртээ байж, шаардлагатай тохиолдолд гэрээс гарч байгаа бол амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж оролцохыг уриалж байна.