Цар тахлын тухай хуульд гадаадын иргэний бүртгэл, визтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгана
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн төслийн зарим зүйл, заалттай холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахын зэрэгцээ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулах; цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох УИХ, Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох; төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх; зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар зохицуулжээ.
Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна. Түүнчлэн цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах; бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулахаар зохицуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.