Б.Мөнхжин: Монгол Улс 2025 он гэхэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусна
Монгол Улсын гадаад харилцааны дэд сайд Батсүмбэрийн Мөнхжинтэй хийсэн ярилцлага
Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.
Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ. Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихэснэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнтэй болох нь харагдаж байгаа юм.
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг хүртэх юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.
Өнөөдрийн ярилцлагаар Монгол Улс чухам яагаад энэ хэлэлцээрт нэгдэж орсон, өнөөг хүртэл Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалт үүргээ Монголын Засгийн газар хэр биелүүлэв, хэлэлцээр бүрэн хэрэгжиж дуусах 2025 он хүртэл бид үлдсэн амлалтаа хэрхэн, яаж амжуулах вэ, Худалдааг хөнгөвчлөх Үндэсний Хорооны үүрэг зорилго юу вэ гэх зэрэг бодлогын зарим чухал асуудлаар таньд товч мэдээлэл өгнө.
Хараат бус сэтгүүлч Дэмчигийн Оюунчимэг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Батсүмбэрийн Мөнхжинтэй хийсэн “Нэгийг харьцах Нэг” дөрөвдэх цувралыг хүлээн авна уу.
-Дэмчигийн Оюунчимэг: ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс яагаад нэгдэн орсон бэ?
-Батсүмбэрийн Мөнхжин: Парагвай, Болив зэрэг далайд гарцгүй бусад улстай хамтран Монгол Улс 2003 онд Мексикийн Канкун хотноо болсон ДХБ-ын Сайд нарын 5 дахь удаагийн бага хурлын үеэр “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийг анх санаачилж байсан.
Энэхүү санаачилга 2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали аралд болсон Сайд нарын 9 дэх удаагийн бага хурлаар биеллээ олж, Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг тохирч, гишүүн орнуудын 2/3 нь уг хэлэлцээрт нэгдэн орсноор Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Монгол Улсын хувьд уг протоколд нэгдэн орох асуудлыг зарчмын хувьд дэмжиж НҮБ-тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 02-03-ны өдөр "ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол" сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Уг хэлэлцээрт нэгдэн орох хуулийн төслийг зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаан, УИХ-аар хэлэлцүүлэн баталснаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 99 дэх улс болсон.
Тус хэлэлцээр нь, гаалийн үйлчилгээг сайжруулах, дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, түүнтэй холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулахад өндөр ач холбогдолтой тул хөгжиж буй, далайд гарцгүй орны хувьд Монгол Улс тус хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлснээр худалдааны өртөг болон дамжин өнгөрүүлэх тээврийн зардлыг бууруулах, бараа импортлож, экспортлох үйл ажиллагаанд зарцуулагдаж буй хугацааг багасгах, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах бүрэн боломжтой юм.
-Дэмчигийн Оюунчимэг: ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн гол ашиг тусыг хэн хүртэх вэ?
-Батсүмбэрийн Мөнхжин: Тус хэлэлцээр хэрэгжсэнээр гарах эдийн засгийн үр ашгийг Монгол Улсын гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн холбогдох бүх байгууллагууд хүртэнэ. Ялангуяа манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох, олон улсын зах зээлд гаргахад тулгардаг бараа бүрдүүлэлтийн нарийн төвөгтэй журам, хилийн байгууллагуудаас шаарддаг баримт бичгийн давхардал, гаалийн зохицуулалт зэрэг саад тотгорыг арилгаж, үйл ажиллагааг нь дэмжиж, экспортлох үйл явцыг хялбаршуулна. Ингэснээр Монгол улсын экспорт нэмэгдэж, төрөлжиж, худалдааны урсгал нэмэгдэж, цаашлаад гадаадын шууд хөрөнгө оруулалт ихэсч, улсын төсөвийг ч нэмэгдүүлнэ.
Түүнчлэн, ДХБ ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) -ын судлаачдын үзэж байгаагаар тус хэлэлцээр бүрэн хэрэгжснээр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын гадаад худалдааны зардал 14.3%-иар буурч, бараа экспортлох хугацаа 2 өдрөөр, харин бараа импортлох хугацаа 1-1.5 өдрөөр багасч, дэлхийн нийт барааны экспорт 13.8% - 22.3% хүртэл өснө хэмээн тооцсон байдаг.
Хэлэлцээрийн хил орчмын худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд мөн хэд хэдэн чухал боломж бидэнд нээлттэй.
- Гааль, хилийн хяналтын үйл ажиллагаа, авто болон төмөр замын дэд бүтцийн сүлжээг сайжруулж, худалдааг хөнгөвчилж, худалдааны зардал буурна;
- Худалдааг хөнгөвчлөх төсөл хэрэгжүүлэхэд олон улсын санхүү, техникийн дэмжлэг авах боломж бүрдэнэ.
- Дамжин өнгөрөх тээврийн саад тотгор буурснаар Монголоор дамжин Европын холбоо хүртэл хийгдэх төмөр зам, авто тээврийн дамжих өнгөрөх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ;
- Дэд бүтцийг барьж байгуулах, ялангуяа эдийн засгийн корридор, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, худалдааны зардлыг бууруулахад чиглэсэн хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа идэвхжинэ;
- Бараа тээвэрлэлтийн шилжилт хөдөлгөөн, гаалийн бүрдүүлэлт, бараа олгох, татвар, хураамж, төлбөр зэрэг хил, гаалийн мэдээллийн төв байгуулна;
- Бүс нутгийн эдийн засгийн коридороор дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэх гэх мэтчилэн боломж бүрдэнэ.
Мөн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлснээр дэлхий даяар жижиг, дунд бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд 20 сая ажлын байр шинээр бий болж, хил дамнасан ЖДҮ-ийн борлуулалт 60-80% өсөхөд хүргэж болзошгүй хэмээн Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн эдийн засгийн форумын судлаачид тооцоолсон байдаг.
-Дэмчигийн Оюунчимэг: Монгол Улс ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг тасралтгүйгээр бүрэн хангахын (2017-2025) тулд Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо байгуулсан. Энэ тухай товч мэдээлэл өгнө үү?
-Батсүмбэрийн Мөнхжин: Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 23.2-т “Гишүүн бүт энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон дотоодын уялдаа холбоог хангах зорилгоор худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог байгуулах, эсхүл одоогийн байгаа механизмыг ажиллуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар тогтоолын дагуу хэлэлцээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх үндсэн үүргийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулсан.
Тус хороог Гадаад харилцааны сайд ахалдаг бөгөөд гишүүдээр гадаад худалдаанд оролцогч бүх төрийн болон төрийн бус байгууллагуудын 19 төлөөлөл ажилладаг.
Үндэсний хороо байгуулагдсан цагаас хойш нийт 4 удаа хуралдсан байна. Ээлжит хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангасан хэдий ч КОВИД-19 цар тахлаас үүсээд буй нөхцөл байдлын улмаас түр хугацаагаар хойшлоод байна.
-Дэмчигийн Оюунчимэг: Хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж, “A,B,C” гэсэн гурван ангиллыг бий болгосон. Монгол Улс Хэлэлцээрийн нэгдүгээр хэсгийн 12 зүйл, холбогдох заалтуудад тусгагдсан 36 үйл ажиллагааны хэрэгжилтийн байдлыг Дэлхийн Худалдааны Байгууллагын өмнө үүрэг амлалт авсан шүү дээ. Ангилал тус бүрт өгсөн үүрэг амлалтад юу багтаж байгаа вэ?
-Батсүмбэрийн Мөнхжин: Хэлэлцээр 3 хэсэг, 36 заалтаас бүрдэж байгаа. Эхний хэсэгт бараа тээвэрлэлтийн шилжилт хөдөлгөөн, гаалийн бүрдүүлэлт хийх, бараа олгох, татвар, хураамж, төлбөр зэрэг хил, гаалийн зохицуулалттай холбоотой журмыг интернетэд байршуулах, гаалийн мэдээллийн төв ажиллуулах зэрэг байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах зүйл заалтууд тусгагдсан.
Хэлэлцээрийн 2 дугаар хэсэгт хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн зарим заалтууд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх зарчим тусгагдсан.
Хэлэлцээрийн 3 дугаар хэсэгт Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний хороо байгуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээний тухай заалтууд орсон.
Мөн тус хэлэлцээр нь А,B,C гэсэн 3 ангилалд хуваагддаг. А ангилалд Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс шууд хэрэгжиж эхлэх хэлэлцээрийн заалтууд, В ангилалд Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацааны дараа хэрэгжүүлэх заалтууд, C ангилалд тодорхой цаг хугацааны дараа, хөрөнгө санхүү, техникийн тусламж олон улсын байгууллагаас авч, боломж чадавхитай болсон үед хэрэгжүүлэх заалтууд тус тус багтаж байгаа. Монгол Улс ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалт бүрээр ангилж урьдчилсан байдлаар тодорхойлж ДХБ-д хүргүүлсэн.
Тус заалтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Худалдааг хөнгөвчлөх 2018-2022 Үндэсний хөтөч зураг”, мөн “Үндэсний хорооны стратеги төлөвлөгөө 2018-2022”-г баталсан. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улс 2025 он гэхэд хэлэлцээрийн бүх заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.
Одоогийн байдлаар ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжилт Монгол Улсад 26.5%-тай байна.
-Дэмчигийн Оюунчимэг: ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хувьд Монгол Улс өнөөдрийг хүртэл ямар ахиц дэвшилд хүрсэн бэ?
-Батсүмбэрийн Мөнхжин: ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс дараах тодорхой санал санаачлагыг амжилттай хийж гүйцэтгэв. Үүнд:
- Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 1-т гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж болон бусад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай, ил тод нийтлэх үүрэгтэй гэж заасны дагуу Дэлхийн Банк Группийн санхүүжилтээр “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан төсөл”-ийг 2019 оноос хэрэгжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэрэглээнд нэвтрүүлсэн. Худалдаа хийх таатай орчинг худалдаа эрхлэгчдэд бүрдүүлж өгснөөр экспорт, импортын баримт бичгийн бүрдүүлэлт хамгийн хямд зардлаар хурдан шуурхай, шударга, илүү ил тод болж, урьдчилан таамаглах, боловсруулалт хийх боломжтой болох юм.
- Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны хуралдаанаар “Худалдааг хөнгөвчлөх 2018-2022 Үндэсний хөтөч зураг”, мөн “Үндэсний хорооны стратеги төлөвлөгөө 2018-2022”-г батлуулсан.
- Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
- Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5000 гаруй нэрийн барааг хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсан.
- Барааг хилээр нэвтрүүлэх үед Хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдсэн.
- ОХУ, БНХАУ-тай “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-т гарын үсэг зурж, зарим нэр төрлийн барааны мэдээллийг Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд хоорондоо цахим байдлаар солилцох, дамжуулах боломж бүрдсэн.
- Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан.
- Хэлэлцээрийн ач холбогдол, мөн холбогдох заалтуудын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдад тогтмол сургалт зохион байгуулдаг. Үүний дагуу Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын дунд хоёр сарын хугацаатай сургалт зохион байгуулж, Худалдааг хөнгөвчлөх чиглэлээр үндэсний 30 сургагч багш бэлдсэн.
- Европын Холбооны, Монголын худалдааг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдолын талаар олон нийтийн ойлголт мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилтот мульти--медиа нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
-Дэмчигийн Оюунчимэг: Үлдсэн үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлэх вэ?
-Батсүмбэрийн Мөнхжин: ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн “А” ангилал: Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц нэн даруй заалтыг хэрэгжүүлэх (11 заалт), “В” ангилал: Хэлэлцээр хэрэгжин эхэлсний дараа шилжилтийн хугацаа өнгөрсний дараа буюу тодорхой хугацааны дараа хэрэгжилтийг хангах (11 заалт), “С” ангилал: Шилжилтийн хугацаа өнгөрсний дараа тодорхой чиглэлд техникийн туслалцаа авсны дараа хэрэгжүүлэх (14 заалт) гэх зэрэг заалт бүрээр урьдчилсан байдлаар тодорхойлж Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлсэн байгаа.
В ангиллын заалтууд нь хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бүрдүүлж, техник тоног төхөөрөмж бий болгож, шинэчлэж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсны үндсэн дээр тодорхой хугацааны дараа хэрэгжинэ.
Харин С ангиллын заалтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагаас техникийн туслалцааг авах шаардлагатай. Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилдаг бөгөөд НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн Гаалийн байгууллага зэрэг олон улсын байгууллагаас гадна бусад донор орнуудаас үзүүлэх техникийн туслалцаанд хамрагдах бүрэн боломж бүрддэг. ГХЯ-ны зүгээс тус хөтөлбөрт хамрагдан олон улсын донор байгууллагуудаас дэмжлэг, техникийн туслалцаа авах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Мөн одоогоор ГХЯ-ны зүгээс хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, санхүү, техникийн дэмжлэг авах чиглэлд НҮБ, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” болон Европын Холбооны “Монгол Улсын худалдааг дэмжих” төсөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр--Монголд" медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү.
Мульти-- медиа нөлөөллийн ажлын загвар зохиож,
хэрэгжүүлэгч Maxima Media www.maxima.mn