Хамтлаг дуучид улс төрийн сонголтоо хийж аль нэг намд орж гишүүн нь болох болсон билээ. Ялангуяа нэг хэсэг залуусын үлгэр жишээ, байлдан дагуулагч болж байсан хамтлагийн гишүүд ээлжлэн намын харьяалалтай болж байна.
Тухайлбал Номин талст хамтлаг. Тус хамтлагийн гишүүдээс хамгийн эхэнд намын байгууллагын харьяат болсон хүн бол Хаянхярваа. Тэрээр МАН-ын гишүүн болсон байдаг. Тэрээр тус намын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны зүтгэлтэй гишүүдийн нэг. Энэхүү зүтгэлийнхээ ачаар өнөөдөр дуучин А.Хаянхярваа нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар ажиллаж байна.
Мөн л “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх МАН-ын гишүүн болоод багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хувьд 2016 оны сонгуулийн дараа МАН-аас бялуу хүртэж Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга болоод байгаа билээ.
Ийнхүү тус хамтлагийн бас нэг гишүүн МАН-д элсэж орлоо. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд үндэсний үзэлтэй нэгэн. Үг хэлэх, үйлдэл гаргахдаа үндэсний үзлийг цухалзуулж байдаг билээ. Харин энэ удаад энэхүү үйлдлээ харуулж жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр МАН-ын гишүүн боллоо. Тэрээр МАН-ын гишүүн болсондоо баяртай байгаа гэсэн. Мөн амьдралынхаа нэгэн алтан хуудсыг нээж, амьдралынхаа баталгааг бий болгосон гэдгээ ч хэлсэн.
Ийнхүү “Номин талст” хамтлагийн 3 дуучин МАН-ын гишүүн боллоо.
Харин тус хамтлагийн хамгийн даруухан гэгдэх дуучин Хаазаа буюу Т.Хангэрэл нь аль эрт АН-ыг сонгоод байсан билээ. Түүний хувьд Гадаадын иргэн харьяатын газарт бас л нэг хурган дарга хийж байгаад албан тушаалаа өгөөд байгаа сурагтай.