Коронавирусийн халдварын тархалтын оргил үед Ухань хотоос сурвалжилга хийсэн чөлөөт сэтгүүлчид Шанхайгийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон талаар өмгөөлөгч нь мэдээлжээ.
37 настай сэтгүүлч Жан Заныг мэдээ, нийтлэлүүдээ өдөөн хатгаж, бусдыг турхирсан гэж шүүхээс үзсэн тухай түүний өмгөөлөгч Жан Кеке мэдээлсэн байна. Сэтгүүлч Жан энэ оны хоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдал болон халдварыг тогтоон барихын тулд хийж байгаа арга хэмжээний талаар сурвалжлахаар Ухань хотыг зорьсон байна.
Тэрбээр гурван сар гаруйн хугацаанд хөл хорионд орсон Уханийн оршин суугдчын бодит амьдрал, ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүд болон хөл хөдөлгөөнгүй болсон дэлгүүрүүдийн талаар дамжуулж байв. Сэтгүүлч өөрийн бичвэрүүд, зураг, бичлэгийг Wechat болон Хятадад хаалттай платформууд болох Twitter, Youtube-д байршуулж байжээ.
Түүний бичвэрүүд тавдугаар сарын дундуур гэнэт зогссон бөгөөд цагдаа нар түүнийг саатуулж, амьдарч байсан газраас нь 640 гаруй км-ийн зайд орших Шанхай хотод аваачсан нь ил болсон байна. Прокурорууд түүнийг яллах дүгнэлт үйлдэхдээ Уханийн Covid-19-ийн талаарх нөхцөл байдлын талаар санаатайгаар өдөөн хатгах зорилготойгоор их хэмжээний худал мэдээлэл нийтэлсэн, "Чөлөөт Ази Радио", "Epoch Times" сонин зэрэг хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ярилцлага авсан гэжээ.
Сэтгүүлч Жан Занаас гадна өнгөрсөн хоёрдугаар сард Ухань хотоос бичлэг хийн, шууд дамжуулж байсан Чен Чюши гэгч алга болсон юм. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр олдсон ба төрийн хяналтад байгаа талаар найз нь мэдээлжээ.
Түүнчлэн чөлөөт сэтгүүлчид болох Ли Зехуа болон Фан Бин нар Уханийн халдварын тархалтын талаар мэдээлснийхээ дараа цагдаад саатуулагдсан бөгөөд Ли Зехуа хоёр сар Уханьд хөл хорионд орсон тухайгаа ярьсан байна.
Эх сурвалж: CNN