ФРАНЦЫН ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛЛАНД

ФРАНЦЫН ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛЛАНД

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 онд ерөнхийлөгч болсныхоо дараа, эдийн засгийн өсөлтийг эргэн сэргээж, ажилгүйдлийг арилгах амлалт өгсөн. Сонгуулийн амлалт нь биелээгүй учраас Ф. Олланд дайны дараах Францын түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай удирдагч болж байна гэж ажиглагч нар хэлж байна. Нэр хүнд нь унасан учраас улиран сонгогдох талаар бодох ч хэрэг байхгүй. Ирэх онд сонгогдох шинэ ерөнхийлөгч Ф. Олландын хийж гүйцэтгээгүй олон ажлыг нуруун дээрээ үүрнэ. Уг нь Ф. Олландын хамгийн гол амлалт нь шинээр ажлын байрууд бий болгох байсан. 2012 онд Франсуа Олландыг Францын ерөнхийлөгчөөр сонгогдоход нь ажилгүйдлийн түвшин 9,3 хувьтай байсан, харин одоо 9,7 хувьд хүрсэн байна. Сонгуулийн амлалт нь биелэхгүй, нийгэм, эдийн засаг урагшгүй байгаа учраас Ф. Олланд өөрийнхөө дэмжигчдийг алдсаар байгаа юм. Энэ оны эхээр ажиллах цагийг нэмэх тухай хөдөлмөрийн шинэчлэлийн хуулийн төсөл нь олон сарын турш эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн. Ф. Олландыг буруутгах бас нэг асуудал бол татвар. Франц улс Европд хамгийн их татварын ачаалалтай, ДНБ-ий бараг 48 хувьтай тэнцэж байгаа юм. Урьд нь хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй татварын кодыг хялбарчлах нь хамгийн чухал юм. Энэ жил Францын эдийн засаг 1,4 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь Ф. Олландын бүрэн эрхийн хугацаандаа эдийн засгийг 2,5 хувиар өсгөх гэсэн амлалтаас нь хол зайтай үзүүлэлт болж байгаа юм.  Ямартаа ч гэсэн францын эдийн засгийн нөхцөл байдал дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд чухал нөлөөлнө гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна. Иймээс Францын ерөнхийлөгч хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөхгүй учраас ерөнхий сайд Мануэль Вальс Социалист намаас ерөнхийлөгчид өрсөлдөх шийдвэр гаргасан байна.  Иймээс өчигдөр албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Өчигдөр Францын шинэ ерөнхий сайд Бернар Казнёв албан ёсоор албан тушаалаа хүлээж авсан байна. Бернар Казнёв дотоод яамны сайдын албанаасаа ерөнхий сайдын албан тушаалд шилжиж томилогдож байна. Казнёв ирэх оны сонгууль болтол ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм байна.