Үндэсний ардчилсан хувьсгалын 109 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Манжийн дарлалд 200 гаруй жил болсон монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, 12 дугаар сарын 29-нд Богд Живзундамбыг хаан ширээнд залжээ. Ингээд тусгаар тогтнолоо тунхаглан, таван яам бүхий засгийн газраа байгуулсан түүхтэй.
Богд хааны засгийн газар бүх Монголчуудыг нэгтгэсэн Монгол Улс байгуулахыг эрмэлзэж, 1912 онд Ховд хотыг, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх их дайныг явуулж байв. Нийгэм, эдийн засаг, соёл, батлан хамгаалах хүч болон гадаад харилцаагаа хөгжүүлэх бодлого явуулжээ.
Түүнчлэн үндэсний ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Хөлөнбуйр, Или Тарвагатайн Монголчууд, Өвөр монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, тусгаар тогтносон Монгол Улсдаа нэгдэн нийлэх тэмцлийг эрчимтэй явуулж байв. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж, 1919 онд Хятад цэргийн эрхшээлд орсон боловч 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн билээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын сэргэн мандлын эхлэлийг тавьж, хүн төрөлхтөний нийтлэг хөгжлийн замыг даган хөгжин дэвших шинэ үеийг эхлүүлсэн юм. Ийм учраас Монгол Улс 1940-өөд оныг хүртэл энэхүү хувьсгалын ойг жил бүр тэмдэглэсээр иржээ. Гэвч үзэл суртлын нөлөөгөөр нэг хэсэг тасалдсан аж. 2006 оноос үндэсний ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх болж, улмаар 2011 оноос УИХ-ын шийдвэрээр нийтээр тэмдэглэх болон баяр амралтын өдрүүдийн жагсаалтад оруулсан байна.