ЭМЯ: Шинээр 20 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1195 боллоо

ЭМЯ: Шинээр 20 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1195 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хийсэн шинжилгээнээс 20 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 18 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүнээс илэрсэн. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1195 болоод байна. Өчигдөр 79 хүн эдэгрч нийт эдгэрэлт 824-д хүрээд байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар БЗД-ийн эмнэлгээс голомтолсон халдвар 18-аар нэмэгдэж 244 болоод байна. Тодруулбал,

  • хэвтэж буй өвчтөн-8,  
  • эмнэлгийн ажилтан-5
  • сахиур-2,
  • хавьтал-3 хүнээс халдвар шинээр илэрчээ.

ДАХИН 2 ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

"Тэнүүн Огоо” автобус баазын хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тус автобус баазын арваад залуус салхинд гарсан бөгөөд тэдгээрийн хоёроос халдвар илэрсэн. Үлдсэн хүмүүсийг тусгаарласан. Тус автобус баазаас ойрын болон хоёрогч хавьтал 90-ээд хүнээс анхны шинжилгээгээр халдвар илрээгүй.

87 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР 3 САЯ ТОНН БАРААГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЖЭЭ

УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдрийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд 3,502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн  бол өчигдрийн байдлаар 170 иргэний 132 нь Эх нярай үндэсний II эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87,000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5,300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1,600 нь тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн нэвтрүүлсэн.

Буяны ажилд оролцсон 40 хүний зургаад, төрсөн өдөр тэмдэглэсэн 20 хүний нэгээс тус тус шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Иргэд олноор цуглахгүй, баяр ёслол тэмдэглэхгүй байхыг анхааруулж байна. 

Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад,  УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн  үг хэллэгийг буруу ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон  ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр" гэв.